Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогыг баталлаа



  Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогыг хэлэлцэн баталлаа. Энэхүү бодлогын зорилгыг “Эдийн засаг, аж үйлдвэрийн тэргүүлэх салбарт хөрөнгө, нөөцийг төвлөрүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээний өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлнэ. Ингэснээр эдийн засгийг төрөлжүүлж, иргэдийн амьдралыг дээшлүүлнэ” гэж тодорхойлоод байна.

  Энэ хүрээнд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн инновацид чиглэсэн ажлыг дэмжиж, аж ахуйн нэгжийн инновацийг хөгжүүлэн, дэвшилтэт технологийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх замаар нийгмийн инновацийг бий болгохын зэрэгцээ орчин үеийн аж үйлдвэр, өндөр технологийн салбарт байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай технологи хөгжүүлэх юм.

  Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогыг найман жилийн хугацаанд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд эхний шат буюу 2018-2021 онд эдийн засаг, аж үйлдвэрийн тэргүүлэх салбарт хөрөнгө, нөөц төвлөрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Харин хоёр дахь шат буюу 2022-2025 онд эдийн засаг, аж үйлдвэр, мэдээлэл технологийн тэргүүлэх салбаруудын өрсөлдөх чадварыг сайжруулж, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавихаар төлөвлөжээ.

  Дээрх бодлогыг хэрэгжүүлснээр инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэх хууль эрх зүйн орчин сайжран, эдийн засаг, аж үйлдвэрийн тэргүүлэх салбарын дэд бүтэц бий болно гэж үзэж байна. Түүнчлэн тэргүүлэх салбарт хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх, инноваци, өндөр технологийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн чанар хүртээмж, нэр төрлийг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх дотоодын брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, инновацийн үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.

Бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын  байгууллагын зээл, хандив, тусламжаас гаргах юм.

  Дэлхий нийтээр орчин үед мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх, аж үйлдвэрийн цоо шинэ хэлбэрийг бий болгоход чиглэсэн өндөр технологийг хөгжүүлэх, инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд эдийн засгийн төрөлжилтийг бий болгох, хөрөнгө нөөцийг төвлөрүүлэх гарц шийдэлд ихээхэн ач холбогдол өгч байна.

Тиймээс “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг үндэслэн ийнхүү Инновацийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулан батлууллаа.

 


 

 

.