“Токио-2020”-д оролцох тамирчид Японд хамтарсан бэлтгэл хийх талаар зөвшилцлөө


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд асан, Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Кихара Сэйжи тэргүүтэй тус улсын төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 2020 онд Токио хотод болох Олимпийн наадамд оролцох Монголын тамирчдыг Японы Мүсашимүраяма хотод хүлээн авч, хоёр улсын тамирчид хамтарсан бэлтгэл сургуулилт хийх талаар санал солицлоо. 

Уулзалтын эхэнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр эрхэм ноён  Кихара Сэйжид “Токио-2020” олимпийн наадамд оролцох Монголын тамирчдыг Мүсашимүраяма хотод хүлээн авах гэж байгаа явдалд талархал илэрхийлээд “Токио-2020” зуны олимп, паралимпийн наадамд оролцох Монголын Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл цугларалтыг Японы талын дэмжлэгээр 2018-2020 онуудад жил бүр нэг удаа тус улсын мужуудад хийлгэх талаар санал солилцохын сацуу уламжлалт анагаах ухаан, спортын анагаах ухааны чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар мөн санал тавилаа. Тэрээр “2020 оны Токиогийн олимпт оролцох баг тамирчдыг бэлтгэлээ чамбай хийхийг үүрэг болгосон. Тэр дундаа олимп болох хотын ойролцоо цаг агаартай газар тамирчдынхаа бэлтгэлийг хийж, танай улсын тамирчидтай хамтарсан нөхөрсөг тэмцээн уралдаан хийх нь маш их үр дүнтэй, ач холбогдолтой явдал гэж бид үзэж байна. Одоогийн байдлаар манай улс жудо бөх, чөлөөт бөх, буудлага гэх мэт олимпт амжилт үзүүлдэг долоон төрөлд эрхээ авчихаад байна. Ирэх онд нэмж хоёр, гурван эрх авахын төлөө бид чармайж байна. Ирэх 8 дугаар сараас бэлтгэлээ эрчимжүүлнэ. Мөн багийн спортыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа тул энэ чиглэлд цаашид танай улстай хамтран ажиллахдаа таатай байна болно” гэлээ. 



Японы Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, ноён Кихара Сэйжи, “Би Монгол Улсад долоо дахь удаагаа ирж байна. Наадмын их ажлын өмнө биднийг хүлээн авч уулзаж буйд танд талархал илэрхийлье. Мүсашимүраяма хот Токиогоос машинаар нэг цаг явах зайд буюу их ойрхон байдаг. Энд 2020 оны олимпт оролцох монгол тамирчдыг хүлээн авч, хамтарсан бэлтгэл сургуулилт хийлгэхдээ би таатай байх болно. Түүнчлэн ирэх 10 дугаар сард Хан-Уул дүүрэгтэй хамтран Хүүхдийн багт наадам зохион байгуулах гэж байна. Үүнд салбар яамны зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.



Салбарын сайд хоёр улсын хамтын ажиллагаа тэр дундаа спортын салбар дахь хамтын ажиллагаанд бүх талаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ. Тэрээр уулзалтын төгсгөлд Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр спортын гэмтлийг дагнан оношлох, эмчлэх, эмнэл зүйн сургалт судалгааны төв байгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 32 дугаар тогтоолын 3.2.2-т заасан “Биеийн тамир, спортын эрдэм шинжилгээ, спортын анагаах ухааны үндэсний төв байгуулах” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд санал солилцлоо.



.