“Спасибо Россия” тоглолтыг амжилттай зохион байгууллаа


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны санаачилгаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран ОХУ-д 2000-2018 онд соёл, урлагийн чиглэлээр суралцаж, төгссөн залуу уран бүтээлчдийн “Спасибо Россия” тоглолт, уран бүтээлийн үзэсгэлэн Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төвд зохион байгуулагдлаа.

ОХУ-д суралцаж, төгссөн монгол уран бүтээлчдийн “Спасибо Россия” арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б. Сэргэлэн, ОХУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Р.Р Ракшаев болон мөн яамны 1 дүгээр нарийн бичгийн дарга Т. Б. Чагдуровна нар нээж үг хэллээ.



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Спасибо Россия” тоглолтод уламжилсан үгэндээ, “ОХУ-д 2004 оноос өнөөдрийг хүртэл соёл, урлагийн чиглэлээр нийт 200 гаруй оюутан суралцаж, өдгөө Монгол Улсын нэр хүндтэй соёл, урлагийн байгууллагад ажиллахын сацуу олон улсын уралдаан наадамд амжилт үзүүлж байна. ОХУ-д мэргэжил эзэмшсэн оюутнууд Монгол Улсыг дэлхийд сурталчилсан өндөр чансаатай уран бүтээлчид болсныг хэлэхэд таатай байна. Цаашид хоёр орны хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, Засгийн газар хоорондын урт хугацааны стратегийн түншлэлийг бий болгож, олон мянган шилдэг боловсон хүчин бэлтгэх үйлсэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. БСШУСЯ-наас Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд талархал илэрхийлж дурсгалын зүйл гардууллаа.



Гурван цаг үргэлжилсэн “Спасибо Россия” тоглолт ОХУ-ын Театр урлагийн их сургуулийн төгсөгч, Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч, Соёлын тэргүүний ажилтан Х.Хашхүүгийн “Цуурайн хэлхээ” бүжгийн дэглэлтээр эхэлж, Санкт-Петербургийн Н.А.Римский-Корсаковийн нэрэмжит консерваторийн төгсөгч, дуурийн гоцлооч Б.Энхнаран “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Саны ари, Пермийн Бүжгийн коллежийн шинэхэн төгссөн балетын жүжигчид “Дэггүй Лиза” балетын хэсэг, Москвагийн Соёл урлагийн их сургууль, Гнесиний хөгжмийн академийн төгсөгч, Ш.Өлзийбаярын зохиол “Галт тэрэг” зохиолыг Улсын филармонийн симфони найрал хөгжимдөж, 20 гаруй үзүүлбэр үзүүлж, бүх уран бүтээлчид  “Россия и Монголия всегда друзья” дууг хамтран дуулснаар өндөрлөлөө.


Тоглолтын төгсгөлд ОХУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Р.Р Ракшаев сэтгэгдлээ хуваалцахдаа “ОХУ-ын боловсролын нэр хүндийг өндөрт өргөж яваа монгол уран бүтээлчдэд талархал илэрхийлж байна. Энэхүү тоглолтыг санаачлан зохион байгуулсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон уран бүтээлчдэд ажил хөдөлмөр, урлагийн өндөр амжилт хүсье. Цаашид энэхүү гайхалтай тоглолтыг уламжлал болгон зохион байгуулах нь зүйтэй” гэв.





 

.