Дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах сургалт явуулж байна


Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй "Баруун бүсийн сургуулийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах" төслийн хүрээнд дотуур байрны удирдах ажилтнуудад зориулсан “Санхүү, хүний нөөц, эд хөрөнгийн удирдлага болон усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалтыг энэ сарын 11-17-нд МУИС-ийн IV байранд зохион байгуулж байна. Сургалтад Говь-Алтай, Увс, Завхан аймгийн дотуур байр бүхий сургуулийн 150 гаруй удирдлага болон санхүүгийн албаныхан хамрагдаж байна. Сургалтыг агуулгынх нь хувьд хоёр хуваан явуулж буй. Тодруулбал, санхүү, хүний нөөц, биет хөрөнгийн удирдлага болон дотуур байрны ундны ус, ариун цэврийн байгууламжийн орчин нөхцөлийг сайжруулах гэсэн сэдвийн дор удирдлага арга зүйгээр ханган сургаж байна. 


Орон нутгийн 12 дотуур байранд их засвар хийнэ


БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Баруун бүсийн сургуулийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах" төслийн зохицуулагч А.Баярмаа:

-Баруун бүсийн нэр дурдсан гурван аймагт жишиг болохуйц дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах зорилготой уг төслийг 2016 оноос хэрэгжүүлж байна. Гурван аймагт байх ерөнхий боловсролын сургуулийн нийт 70 дотуур байранд 2000 гаруй хүүхэд амьдарч, суралцаж байгаа. Төслөөс гурван үр дүн хүлээж байгаа. Нэгдүгээрт, дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах. Үүнд, барилгын их засварын ажил багтана. Одоогоор төслийн хүрээнд гурван аймгийн 12 дотуур байранд их засварын ажил хийхээр тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийгээд байна. Хоёрдугаарт, мөн аймгийн 30 дотуур байранд тавилга, тоног, төхөөрөмж нийлүүлэх ажил дуусах шатандаа явж байна. Эцэст нь, дотуур байрны үйлчилгээг сайжруулахад анхаарч байна. Эдгээр үр дүнд хүрэхийн тулд чадавхи бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж буй. Мөн хүүхдийн зөв хоололт, түүний эрүүл мэндийг хамгаалах талаарх сургалтыг тогооч нарын дунд ирэх наймдугаар сард явуулахаар төлөвлөсөн. Үүнээс гадна төслийн хүрээнд дотуур байр хөгжүүлэх цогц стандартын төслийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байна.  Энэ удаагийн сургалтад хамрагдаж буй 150 гаруй хүнээс санал авч, төсөлд тусгана. Цогц стандарт гэдэг нь үйлчилгээ болон орчны стандартыг хэлж байгаа юм.

Дотуур байрны стандарт батлах нь зөв


Говь-Алтай аймгийн 1 дүгээр сургуулийн захирал Ш.Болдбаатар:

-Цаг үеэ олсон, зөв зүйтэй сургалт болж байна. Дотуур байрны хүүхдийн орчин нөхцөлийн асуудал нэлээд хүнд байна. Манай дотуур байр 240 хүүхдийн хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар 180 хүүхэд суралцаж, амьдарч байна. Дийлэнх нь ахлах ангийн сурагчид.  Аймгийн төвийн дөрвөн 10 жилийн сургууль дундын дотуур байр. Манай дотуур байрны тоног төхөөрөмж, тавилга нэлээд хуучирсан байр байдалтай байна. Сүүлийн үед дотуур байранд амьдрах хүүхдийн тоо цөөрч байгаа. Хоёр шалтгаантай. Учир нь эцэг, эхчүүдийн амьдрал ахуй сайжирсантай холбоотой. Нөгөөтэйгүүр, дотуур байр нь тав тухгүй, ахуй хангамж, үйлчилгээний чанар тааруу байгаатай холбоорой. Хүүхдийн амьдрах орчин, ялангуяа 24 цагийн турш байх газар бол дотуур байр. Тиймээс орон гэртэй нь дөхөж очих хэмжээнд орчин нөхцөлийг нь бүрдүүлсэн байх ёстой. Энэ төслөөр дотуур байрны орчин нөхцөл сайжирч, жишиг дотуур байртай болгож, хамгийн гол нь стандарт баталж байгааг маш зөв ажил гэж харж байна. 

Хүүхдүүдийн сурлага сайжирч байна


Увс аймгийн Завхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал М.Энхтуяа:

-Дотуур байрны ариун цэвэр байгууламж, цэвэр бохир усны хангамжийг хэрхэн сайжруулах, тэнд ажиллаж байгаа багш ажилтнууд хүүхэд хамгааллыг сайжруулж, хүүхэд бүрт эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэхэд хамтран ажиллах нь төслийн гол зорилго. Манай сургуулийн тухайд энгийн гадна бие засах газартай, зөөврийн устай, угаалтуурыг гар аргаар шийдсэн. Өөрөөр хэлбэл, дотуур байрны хүүхдүүд маань жижиг ваннд ус зөөж ариун цэвэр сахидаг гэсэн үг. Сумын хэмжээнд халуун ус байдаг ч зөвхөн өвлийн улиралд, тодорхой цагт ирдэг юм. Тиймээс манай сургуулийн хувьд нэн тэргүүнд, дотуур байрныхаа цэвэр, бохир усны хангамжийг шийдвэрлүүлэх асуудал чухалд тооцогдож байна. БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй энэхүү төслийн үр дүнд бохир, цэвэр усны хангамжийн асуудал шийдэгдэнэ гэж итгэж байгаа. Манайх 75 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд энэ хичээлийн жилд 70 орчим хүүхэд, нэг багш, гурван жижүүр, хоёр тогоочийн хамт үйл ажиллагаа явууллаа. Энэхүү сургалтаас гэрээсээ хол есөн сарын хугацаанд дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн сурлагын чанар, зөв дадал хэвшилтэй, зөв хүн болж  төлөвшихөд дотуур байранд ажиллаж байгаа хүмүүсийн үүрэг оролцоо их байдгийг мэдлээ. Аймгийн хэмжээнд “6-11” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ нь бямба гараг бүрийн 11.00 цагаас хойш сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, номын санч гээд бүх шатны ажилтнууд дотуур байранд хүүхэдтэй ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч байна. Ингэснээр дотуур байранд амьдарч буй хүүхдийн сурлага сайжрах гэх мэт эерэг хандлага илэрсэн. Дотуур байрны хүүхдийн чөлөөт цагийг зөв өнгөрөөж, сурч боловсроход нь анхаарал хандуулах нь бидний үүрэг.  



.