И.Моисеевын нэрэмжит ардын бүжгийн эрдмийн чуулгынхан “Монголын уран баримал” нэрт бүжгээ толилуулав


100 жилийн түүхтэй алдарт И.Моисеевын нэрэмжит ардын бүжгийн эрдмийн чуулгынхан өчигдөр    Соёлын төв өргөөнд тоглолтоо    хийлээ. Тус чуулга хамгийн сүүлд 1976 онд буюу 42 жилийн өмнө    Монгол Улсад ирж байжээ. "Монгол-Оросын санаачилга-2018" цуврал арга хэмжээний хүрээнд тус чуулгын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж, монголын үзэгчдэд зориулан хоёр өдрийн  турш буюу энэ сарын 7, 8-нд тоглолтоо толилуулж байна. Өчигдөр болсон тоглолтын нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч ноён Игорь Евгеньевич Левитин болон И.Моисеевын нэрэмжит ардын бүжгийн эрдмийн чуулгынханд хандан үг хэлсэн юм. Тэрбээр “Дэлхийд нэр нь цуурайтсан, домогт И.Моисеевийн нэрэмжит ардын бүжгийн эрдмийн чуулгын тоглолтонд хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Манай хоёр орон стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлснээр өндөр дээд түвшний айлчлал тогтмол харилцан явагдаж, улс төр, эдийн засаг, соёл, урлаг, боловсрол гээд бүхий л салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжиж буйг тэмдэглэн хэлэхэд таатай байна” гэв.

Нэгэн зууны түүхт И.Моисеевын чуулгын бүжигчид манай орны тайзнаа анхны гадаад айлчлан тоглолтоо хийсэн бол өнөөдөр дэлхийн урлагийн сор болсон уран бүтээлийн хөтөлбөр, ялангуяа “Монголын уран баримал” хэмээх бүжгээр гурав дахь удаагаа Монгол орны урлагийн алтан тайзнаа тоглож байна.

Энэ удаагийн айлчлан тоглолт нь мэргэжлийн бүжигчид, бүжиг дэглээчид, уран бүтээлчдэд бүжгийн өгүүлэмж, өвөрмөц хэв маяг, хэмнэл, хурд, хөдөлгөөнийг мэргэжлийн түвшинд толилуулах, арга ухаанд суралцах ховор боломжийг олгож буйг салбарын сайд энэ үеэр онцлон хэлсэн юм.


.