Докторын хөтөлбөрийн чанар, эрх зүйн орчныг шинэчлэхээр эрчимтэй ажиллаж байна

Европын холбооны Эрасмус плас (Erasmus+) төслийн санхүүжилтээр “Европын холбооны интеграцтай уялдуулан гурав дахь түвшний буюу докторын түвшний хөтөлбөрийн чанарын баталгаажууллын тогтолцоог боловсруулах, нэвтрүүлэх замаар судалгааны интернациональчлалыг дэмжих нь” (C3QA) төслийг Армен, Монгол, Казакстан, Украйн улсуудын хамтарсан консорциумын баг хэрэгжүүлэхээр болсон. Уг төсөлд дээр дурдсан дөрвөн улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, чанарын баталгаажууллын үндэсний байгууллагууд, тэргүүлэх судалгааны их сургуулиуд, мөн Франц, Испани, Польшийн их сургуулиуд оролцож байна. Уг төсөлд Монгол Улсаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Монгол улсын их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн хамтарсан баг хэрэгжүүлж байна. Тус төсөл нь 2017 оноос эхэлсэн бөгөөд цаашид 2019 оныг дуустал хэрэгжинэ. Төслийн хугацаанд Монгол, Казахстан, Армен, Украйн хэмээх дөрвөн орон хамтран Испани, Польш, Францын докторын хөтөлбөрийн сайн туршлагаас суралцан докторын хөтөлбөрийн талаар бодлогын баримт бичгийг сайжруулах, түгээн дэлгэрүүлэх юм. Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Европын холбооны Эрасмус+ төслийн ерөнхий зохицуулагч, Армений их сургуулийн дэд захирал доктор Арияк Новоян өнөөдөр МУИС-ийн Төв номын санд зохион байгуулагдсан Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн докторын хөтөлбөр хэрэгжүүлэгч 30 орчим их, дээд сургуулиудын төлөөллийг оролцуулсан сургалт-хэлэлцүүлэгт оролцон илтгэл тавилаа.


Сургалтын үеэр төслийн талаар БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын Эрдэм шинжилгээ, судалгаа, хамтын ажиллагаа, түншлэлийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Сарантуяагаас тодруулахад “Төслийн хүрээнд “Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журам, “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм” –ийг шинэчлэхээр ажиллаж байна. Дээрх эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэхдээ докторын судалгааны ажилд тавигдах шаардлага, эрдмийн зэрэг горилогч болон удирдагч багшид тавих шалгуурыг өндөрсгөнө. Судалгааны ажлын чанар, бүтээлийн хуулбарлалтын илрүүлэх програм хангамжийг нэвтрүүлэх, үндэсний мэдээллийн сантай болох, судалгааны ёс зүйн асуудлыг тусгах, докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүдэд тавих шалгуурыг өндөрсгөх замаар зөвлөлийг бүрэлдэхүүнийг чанаржуулах, тэдгээрийн үйл ажиллагааны товтвортой байдлыг хангах чиглэлд анхааран ажиллаж байна. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүний тоог батлан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, идэвхтэй судлаачдыг зөвлөлийн гишүүнээр томилох, гадаадын өндөр хөгжилтэй улсын их сургуультай хамтарсан зөвлөл байгуулах боломжийг нээн судалгааны ажлыг тал бүрээр дэмжих чиглэлд өөрчлөлтүүдийг оруулж байна. Мөн сургууль бүр хөтөлбөрийн дотоод чанарын баталгаажуулалтаа хариуцсан хороотой байх зэрэг олон асуудлыг шинээр тусгаж байна” гэв.

Түүнчлэн Засгийн газрын 2018 оны 46 дугаар тогтоолоор Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдэж, магистр, докторын өдрийн ангийн оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой болсон. Докторын хөтөлбөрийн сургалтын төлбөр хамгийн өндөр байдаг тул дийлэнх горилогчид ажлаа хийнгээ суралцдаг. Энэ нь судалгааны чанарт сөргөөр нөлөөлдөг байна. Тус журам хэрэгжсэнээр тодорхой ахиц гарна гэж үзэж байна.

Мөн УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа “Дээд боловсролын тухай” хуульд судалгааны их сургууль гэсэн хэв шинж, докторын дараах сургалтын асуудлыг шинээр тусган ажиллаж байна. Түүнээс гадна яамны Ажлын хэсэг Судалгааны их сургууль үндэсний хөтөлбөрийн төсөл болон “Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журам, “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийг шинэчилсэн хувилбарыг өчигдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Дээд боловсролын бодлогын зөвлөлөөр хэлэлцүүлэн гарсан саналуудыг тусган Сайдын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Өмнө 2018 оны 1 дүгээр сард зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” Улсын II дугаар зөвлөгөөнд хэлэлцүүлсэн байна.

Төслийн үр дүнд докторын сургалтын талаарх эрх зүйн орчин сайжирч, төсөлд хамрагдаж буй сургуулиудын докторын сонгогдсон хөтөлбөрүүд дотоодод болон гадаадад магадлан итгэмжлэх боломж бүрдэнэ. Дээд боловсролын салбарын 2017-2018 оны хичээлийн жилийн статистик мэдээгээр 3098 иргэн докторын хөтөлбөрт суралцаж байна. Үүнээс төрийн өмчийн 13 их сургуульд 3251 суралцагч, төрийн бус өмчийн 17 их сургуульд 598 суралцагч суралцаж байна.

Төслийн төлөвлөгөөний дагуу Франц улсад 5 дугаар сарын 30-31-нд болох дөрвөн орны 21 байгууллагын төлөөллөөр дээрх бодлогын бичиг баримтуудаа хэлэлцүүлсний дараа эцэслэн батлуулна.

Маргааш буюу 5 дугаар сарын 4-ний өдөр тус олон улсын төслийн ерөнхий зохицуулагч Арияк Новоян БСШУСЯ-ны удирдлагатай уулзаж төслийн цаашдын үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцоно.

.