ХБНГУ-Д ОНЦГОЙ БАЙДАЛД АЖИЛЛАЖ БУЙ АЛБАН ХААГЧДЫН ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛАН ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ТУСГАЙ АНГИУДЫГ АЖИЛЛУУЛЖ БАЙНА

ХБНГУ

ХБНГУ-ын боловсролын асуудлыг муж улсууд өөрсдийн эрхийн хүрээнд хариуцдаг тул Холбооны Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулиудыг хаах талаар шийдвэр гаргаагүй харин муж улсууд бие даан шийдвэрүүдийг гаргасан. Одоогийн байдлаар бүх муж улсууд ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоогоод байна.

Төгсөлтийн шалгалт (Abitur) буюу их сургуульд элсэх эрх авах шалгалтуудыг муж улсууд өөр өөрөөр шийдвэрлэх төлөвтэй байгаа бөгөөд ихэнх мужууд төгсөлтийн шалгалтын хугацааг хойшлуулсан.

Онцгой байдалд ажиллаж буй цэрэг, цагдаа, гал сөнөөгч, эмч, сувилагч ба бусад албан хаагчдын 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд зориулан сургуулиуд өдөр өнжүүлэх ангиудыг ажиллуулж байна. Хэрэв эцэг, эх хоёулаа (өрх толгойлсон эцэг/эх) онцгой байдалд ажиллах шаардлагатай тохиолдолд энэхүү тусгай өдөр өнжүүлэх ангид хүүхдээ харуулах боломжтой байна.

ЕБС-ийн багш нар ажлаа хэвийн үргэлжлүүлж буй бөгөөд сурагчдын гүйцэтгэх ёстой даалгаврыг боловсруулж, ангийн багш нар эцэг эхийн төлөөлөгчдөд, эсхүл ахлах ангийн сурагчдад шууд дамжуулан ажиллаж байна. Муж улсын Боловсролын яамд сургалтын тасралтгүй байдлыг хадгалах зорилгоор цахим гарын авлага, мэдээлэл, хичээл зэргийг сургуулиудад өгч байна. Жишээлбэл, Берлин хотын захиргаанаас хүүхдүүдэд хичээлийг гэрээр заах аргачлалын зөвлөмжийг www.berlin.de цахим хуудаснаа нийтэлж, эцэг эхчүүдэд дэмжлэг үзүүлж байна.

ХБНГУ-ын хэмжээнд улсын радио телевизийн “ARD”, ”WDR” зэрэг байгууллагууд сургалт болон танин мэдэхүйн хичээлүүдийг үнэ төлбөргүй нэвтрүүлж байна. Түүнчлэн, сургууль хаасан хугацаанд зарим цахим сургалтын платформууд, багш, сурагчдад үнэ төлбөргүй нэвтрэх эрх өгөөд байна. Баваарын Боловсролын яамнаас “Mebis” цахим сургалтын үнэ төлбөргүй порталыг багш, сургуулиудад ашиглахыг санал болгож байна. https://www.mebis.bayern.de/#

“Cornelsen Verlag” хэмээх сурах бичгийн хэвлэлийн компанийн 2006 оноос хойш ажиллуулдаг “lo-net²” сургалтын платформыг германы нийт 6500 сургууль ашиглаж байна. Энэхүү платформ нь зөвхөн сургуулиудад зориулагдсан бөгөөд багш нар өөрсдийн хичээлийг сурагчдад үүгээр дамжуулан цаг алдалгүй заах боломжтой байна. Ихэнх сургуулиуд энэхүү платформыг зөвхөн нэмэлт даалгавар, төсөлд ашигладаг байсан бол одоо бүрэн хэмжээнд ашиглаж эхэлжээ. Тухайлбал, Берлин хотын нэгэн сургууль хичээлийг “lo-net²” платформоор дамжуулан хичээлийн цагаар зааж байна. Сурагчид даалгаврыг багшийн заасан хугацаанд (жишээ нь 18:00 цаг) цахимаар хийж гүйцэтгэх ёстой ба хугацаандаа хийж гүйцэтгээгүй бол хангалтгүй дүн авах юм байна. Түүнчлэн, хичээлийн цагаар багш нар цахим орчинд байж (online), сурагчид багштайгаа чат-аар харилцах боломжтой.

Ахлах ангийн (7-12) сурагчид ихэнх нь цахимаар багштайгаа шууд холбогдож, даалгавар авч, гүйцэтгэсэн даалгавраа цахим шуудангаар илгээж байна. Бага ангийн (1-6) багш нар эцэг эхчүүдээр дамжуулан даалгаврыг хүргүүлж, хүүхдүүд гэртээ сурах бичгээ харан даалгавраа хийж байгаа талаар тус улсад суугаа манай Элчин сайдын яамнаас мэдээллээ.

ОХУ

ОХУ-ын Гэгээрлийн сайд С.С.Кравцов 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Гэрийн цаг” цахим мэдээллийн сувгийг нээж, эцэг эхчүүд, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариу өгсөн байна. Тэрээр элсэлтийн ерөнхий шалгалт 2020 оны 06 дугаар сарын 8-ны өдрөөс, 9 дүгээр анги төгсөгчдийн улсын шалгалт 06 дугаар сарын 9-ний өдрөөс тус тус эхлэхийг дахин сануулж, шалгалтууддаа сайтар бэлтгэхийг сануулсан байна. Түүнчлэн, их, дээд сургуулиудад шинээр элсэн орох хүсэлтээ ерөнхий боловсролын сургууль төгсөгчид цахимаар бүрдүүлж өгөх болсныг мэдэгдсэн.

“Гэрийн цаг” цахим мэдээллийн суваг нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 5-ны өдрийг дуустал «ВКонтакте» нийгмийн сүлжээгээр дамжуулан Москвагийн цагаар 10:00-15:00 цагийн хооронд явах юм байна.

Бүх Оросын олон нийтийн байгууллага болох “Гэр бүлд дэмжлэг үзүүлэх, гэр бүлийн үнэт зүйлсийг хамгаалах үндэсний эцэг, эхийн холбоо” нь Гэгээрлийн яамны дэмжлэгтэйгээр 2020 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр эцэг, эхчүүдэд зориулан гэрийн сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар зөвлөмжийг бэлтгэн хүргүүлсэн. Зөвлөмжид гэр бүлийн өдрийн хуваарийг гаргах, хүүхдүүд цахим орчныг хэрхэн ашиглаж байгааг сонирхож байхыг, хэт их ачааллаар дарахгүй байхыг, биеийн тамир, спортоор хичээллэх, урлагийн боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэхийг зөвлөсөн байна.

.