ОХУ-ын Буриадын соёлын сайдтай уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын сайд С.Б.Дагаеваг хүлээн авч уулзлаа.  

Хатагтай С.Б.Дагаева Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр буриад оюутнуудыг Монгол Улсын Соёл, урлагийн их сургуульд суралцуулж байгаад талархал илэрхийлээд цаашид Монгол, Буриадын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тухайлбал Улаан-Үд хотод Монголын үзэсгэлэн гаргах, уран бүтээлчдийн тоглолтыг харилцан зохион байгуулахад Монголын талаас дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Сайд Ё.Баатарбилэг аялал жуулчлалын харилцаанд тулгуурлан Монгол, Буриадын соёлын харилцаа, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтойг дурдаж,  Монгол, Буриад, Өвөр Монгол гэсэн гурван талт бүс нутгийн соёлын харилцааг хөгжүүлэх саналыг дэвшүүллээ.


 

.