"БИ БАГШ" НЭВТРҮҮЛГИЙН ШИЛДЭГ ОРОЛЦОГЧООР Ц.АЮУШ ШАЛГАРЧ 100 САЯ ТѲГРѲГИЙН ШАГНАЛЫН ЭЗЭН БОЛЛОО

Ардыг гэгээрүүлэх яам нэртэйгээр анх байгуулагдсан боловсролын салбарын 95 жилийн ой энэ онд тохиож, багш нарт чиглэсэн олон ажлууд хийгдэж байна. Үүний нэг нь Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, “Боловсрол” телевизийн хамтран хэрэгжүүлж буй “Би багш” төсөл нэвтрүүлэг юм. Тус нэвтрүүлэгт 2 шатны шалгаруулалт орон даяар зохион байгуулагдсан юм. Төслийн эхний шатанд багш нар “Миний хэрэгжүүлсэн бичил төсөл” ерөнхий сэдвээр хоёр минутын видео бичлэг хийж илгээсэн бөгөөд аймаг, дүүрэг тус бүрт гурван багш, нийт 90 багшийг шалгаруулсан. Харин дараагийн шатыг Завхан, Өвөрхангай, Орхон, Хэнтий аймаг, Улаанбаатар хот гэсэн 5 бүсэд хуваарилан зохион байгуулж, мэргэжилтэн, уран бүтээлчдийн баг очиж шалгаруулснаас нэвтрүүлэгт оролцох шилдэг 30 багшийг тодруулсан юм.



Нийт 24 дугаар нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэсэн билээ. Дугаар бүрт багш нар тодорхой сэдвийн хүрээнд салбартаа манлайлагч эрхмүүдийн мастеркласс сургалтад хамрагдаж, олон талын ур чадвар сорьсон сонирхолтой даалгавруудыг гүйцэтгэсэн. Ийнхүү өрсөлдсөөр финалын шатанд шилдэг дөрвөн багш үлдсэн бөгөөд шүүгчдийн үнэлгээ, олон нийтийн санал асуулгаар шилдгийн шилдэг багшаар  Сэлэнгэ аймгийн Мандал сум /хуучнаар Зүүн хараа хот/-ын Гуравдугаар сургуулийн бага ангийн багш Ц.Аюуш цорын ганц ялагчаар шалгарч зуун сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болж мѳн АНЭУ-ын Дубай хотноо жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн багш нарын ур чадварын уралдаанд улсаа төлөөлөн оролцох эрхийг авсан юм.  



Ялагчийн шагналыг гардуулахаар Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг, нэвтгүүлгийн ерөнхий ивээн тэтгэгч Ард Санхүүгийн Нэгдлийг төлөөлөн ирсэн Ард Даатгал ХК-ийн Даатгал эрхэлсэн захирал Н.Эрдэнэтулга, Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Алтангүний, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн нар хүрэлцэн ирж баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлсэн юм. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “БСШУСЯ-наас 2019 онд багшийн мэргэжил, нэр хүндийг өсгөх, багшийн ажлын ачааллыг бууруулах, нөгөө талаараа багш нарынхаа мэдлэг боловсрол, туршлагыг хооронд нь хуваалцуулах чиглэлээр нэлээд ажлуудыг зохион байгуулж, ажиллаж байна. Энэ хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард "Би Багш" шоуг зохион байгуулах санаачилгыг гаргаж, бидний энэ санаачилгыг дэмжиж, хамтарч ажиллахааар болсон Боловсрол суваг телевизийн хамт олонд юуны өмнө талархаж байна. Телевизийн шоу нь олон хүний хүч хөдөлмөр, хөрөнгө зардал гардаг, багийн ажил байдаг. Энэ том ажлыг авч гарч, энэ том ажлыг амжилттай зохион байгуулахад биднийг дэмжиж, хамтарч ажилласан Эрдэнэс таван толгой компани, Б.Ганхуяг захирал, Ард Санхүүгийн Нэгдлийн захирал Ч.Ганхуяг болон Г.Дөлгөөн захиралтай Төрийн банкны хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье.  “Би Багш” шоу телевизээр явж эхэлснээс хойш манай багш нар “Үнэхээр бидний ажлын ачааллыг, бид нар хичээлдээ яаж бэлтгэдэг, хүүхдүүд хичээлдээ бэлдэх гэж ямар их нерв, цаг заваа гаргадаг талаар, бидний ажлын хүнд хүчрийг телевизээр харуулж, олон нийтэд харуулсан сайхан нэвтрүүлэг боллоо” гэв. ЕБС, цэцэрлэгийн нийт 47-48 мянган багш байдгаас тэднийг төлөөлж эцсийн шат хүртэл ирсэн дөрвөн багшдаа туйлын их талархаж байна. Та дөрөв маань шилдгийн шилдэг байсан. Нэврүүлэгт эхнээс нь оролцсон 90 гаруй багш нартаа талархаж байна. Та бүхний гаргасан заах аргын энэ мэдлэг бусад багш нарт үлгэр дуурайлал болж, та бүхэнд мэдлэгээ хуваалцсан сайхан туршлага болсон гэдэгт би итгэж байна” гэв. 



Тус уралдаант нэвтрүүлгийн төгсгөлийн шатанд Ц.Наранчимэг, Ц.Аюуш, Л.Энхжаргал, Н.Бадамсүрэн нарын шилдэг дөрвөн  багш нар үлдээд байсан юм. 


.