Бүгд Найрамдах Украйн Улсад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа /2020-2021/

Украйн:

нисэхийн инженер, авто замын инженер, төмөр замын инженер, авто тээвэр зохион байгуулалт, Анагаах ухааны чиглэлээр суралцуулна.

Нэг. Тавигдах шаардлага 

            Бакалавр

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа 18-21 насны;

Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг:

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр ангид суралцаж буй иргэн:

  • Цахим өргөдөл
  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
  • Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
  • Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт.
  • Гадаад паспорт

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн

  • Цахим өргөдөл
  • Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
  • Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт;
  • Гадаад паспорт

Гурав. Бүртгэл 

2019 оны 12 дугаар сарын 17-нээс 01 сарын 17-ны өдрийн 12.00 цаг хүртэл esis.edu.mn/grant цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж, Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийн цаасны тохиргоог А4 хэмжээтэй, 5МB илүүгүй, PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Бүртгэлийн хураамж 15000 төгрөгийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 100900015431 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу аль улсын ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай  мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусхаас өмнө Бүртгүүлсэн мартериалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-майл хаягаар хариу ирэх болно)

Бүртгэлийн хугацаа дуусахаас өмнөх өдрүүдэд системийн ачаалал ихэсдэг тул та зохицуулалтаа оновчтой хийхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг зарлал гарснаас хойш 09.00-12.00 цагт 7577-8080 дугаараас авна уу.

Дөрөв. Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтад оролцогч дараах шалгалтыг өгнө:

Бакалаврын сургалтанд бүртгүүлсэн иргэд математик, англи хэлний нэгдсэн шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө.

2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10.00 цагт Математик, 11:30 Англи хэлний шалгалтыг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 1-р байранд тус тус зохион байгуулна /Нэмэлт зарыг тухайн үед энэ сайтад байрлуулна/. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана.

Бүртгүүлэгч шалгалт эхлэхээс 30 минутаас 1 цагын өмнө, иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай. Иргэний үнэмлэхгүй иргэнийг шалгалтад оруулахгүй. 

Бичгийн шалгалтын дүн болон ярилцлагад орох иргэдийн нэрс, ярилцлагын цагийн хуваарийг 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “гадаадад суралцах” цэсэнд зарлана.

Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны /Зөвхөн зар дээр дурдагдаагүй мэдээллийг асууна уу/ утсаар өглөө 09-12.00 цагийн хооронд 51-267131 дугаараас авч болно.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

.