Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах журмыг хэрэгжүүлэх хүрээнд захирлуудад мэдээлэл зөвлөгөө өглөө

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газар, нийслэлийн 55 дугаар тусгай сургуультай хамтран лаборатори сургуулийн захирлуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулах талаар уулзалт сургалт зохион байгууллаа.  Энгийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургахад анхаарах асуудлууд, хөгжлийн бэрхшээлийн онцлог, ялгаатай талуудын талаар тус сургуулийн захирал МУГБ Ч.Ганбилэг мэдээлэл өгч, сургуулийн орчин, сургалтын хөтөлбөр, үйл ажиллагаагаа танилцууллаа.

Ямар төрлийн бэрхшээлтэй хүүхэд энгийн сургуульд суралцах боломжтой талаар болон, тэдэнд боловсрол олгоход зайлшгүй мэдвэл зохих ойлголт мэдээллийг өгсөн юм. 

Лаборатори сургуулийн захирлууд 55 дугаар сургуулийн дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төв, цайны газар, ариун цэврийн байгууламж, тайвшруулах мэдрэмжийн өрөө, хэл засал, хөдөлгөөн засал, ахуй заслын танхим, аутизмтай хүүхдийн зориулалтын ангид зочилж, сургалтын үйл явц, ганцаарчилсан хичээлийн төлөвлөгөөтэй танилцлаа.

Тус сургууль ахлах ангийн сургалтаар оюуны хүндэвтэр бэрхшээлтэй хүүхдүүдэд хоол нарийн боов, зочид буудлын өрөөний үйлчлэгчийн мэргэжлээр мэргэжлийн боловсрол олгодог бол энэ хичээлийн жилээс цэцэрлэгч - ногоочны мэргэжлийн ангийг шинээр нээж төгсөгчдөө ажлын байранд зуучлах арга хэмжээг авч эхэлжээ. цэцэрлэгч-ногоочны сургалтдаа зориулж Монголд анх удаа дээвэр дээрх өвлийн хүлэмжийг барьж байгуулсан байна

 









.