“ХҮРЭЛТОГООТ-2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Монголын залуу эрдэмтэн судлаачдын “Хүрэлтогоот-2019” эрдэм шинжилгээний бага хурал ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төв (ООГФСТ)-ийн харьяа Одон орон судлах Хүрэлтогоот төвд 15 дахь жилдээ Газарзүй-Геологийн салбар (2019.10.11) Анагаах ухааны салбар (2019.10.12)-ын хуралдаанаар амжилттай эхэллээ.


Хурал цаашид үргэлжлэх бөгөөд Нийгэм хүмүүнлэгийн салбар (2019.10.18), Биологи-Хөдөө аж ахуйн салбар (2019.10.19), Эдийн засаг, менежментийн салбар /2019.10.25/, Байгалийн ухааны салбар (2019.10.26) хуралдаанууд Хүрэл тогоот одон орон судлалын төвд, Инженерчлэл, технологийн салбар хуралдаан (2019.10.26) ШУТИС-ийн Төв номын санд болно. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны Академи, Монголын үндэсний томоохон их, дээд сургуулиудтай жил бүр хамтран зохион байгуулдаг уламжлалтай. 

ГАЗАРЗҮЙ, ГЕОЛОГИЙН САЛБАР ХУРАЛДААН

Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлыг ГГСЗЭХ-ны тэргүүн доктор, А.Дашцэрэн, гүйцэтгэх захирал Д.Санчир болон УЗ-ийн гишүүдтэй хамтран зохион байгууллаа. Салбар хуралдаанд нийт 40 орчим  бүтээл ирсэнээс аман 18 илтгэл хэлэлцэгдэж, 21 судлаачийн бүтээл хэвлэгдэн гарсан. 

ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Г.Уламбаяр “Улаанбаатар хотын халианы асуудалд /Баянзүрх дүүргийн 10-р хорооны жишээн дээр/” бүтээлээр тэргүүн байр эзэлсэн бол ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн судлаач Б.Нацагдорж “Lithological mapping by using aster data in the Ih-Ulziit area Umnugobi province” бүтээлээр дэд байрт шалгарлаа. 

Мөн Монгол Улсын Их Сургуулийн Газарзүйн тэнхимийн багш, Д.Дорлигжав “Газрын массын үнэлгээнд оолон хүчин зүйлсийг тооцоолох нь /Улаанбаатар хотын гэр бүлийн хэрэгцээний газрын жишээн дээр/” бүтээл, ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Түрүүтүвшин “Хээрийн бүсийн хэт талхлагдсан бэлчээрийг малын тэжээл бүхий ургамлуудаар нөхөн сэргээх нь” бүтээлээрээ тусгай байрыг эзэлсэн.



АНАГААХ УХААНЫ САЛБАР ХУРАЛДААН 

Анагаахын ухааны салбарын залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлыг Анагаахын ухааны салбарын залуу эрдэмтдийн холбооны тэргүүн доктор, Т.Баясгалан, гүйцэтгэх захирал О.Зэсэмдорж болон УЗ-ийн гишүүдтэй хамтран зохион байгууллаа. Салбар хуралдаанд нийт нийт 43 бүтээл ирсэнээс аман 12 илтгэл хэлэлцэгдсэн байна.

Тэргүүн байрт судлаач Б.Анужин нарын  "Жижиглэнгийн худалдаанд зарагдаж байгаа түүхий маханд Staphylococcus aureus-ийг илрүүлж, эмэнд тэсвэрт байдлыг тодорхойлсон дүн" шалгарч, дэд байрт судлаач Н.Мөнх-Эрдэнэ нарын "FLT3-ITD эерэг лейкемийн эсүүдийн цитарабины тэсвэржилтэнд эсийн гаднах орчин болон Хувиргагч өсөлтийн хүчин зүйлийн эмгэг жамын үүрэг" бүтээл орлоо.  

Мөн Г.Үнэнбат нарын "Өндөр эрсдэлтэй хүн амын дундах “В”, “С” ба “D” вирүсийн шалтгаант хепатит ба элэгний эсийн өмөн үүсэх эрсдэлт хүчин зүйлүүд: Монгол улсад хийгдсэн тохиолдол хяналтын судалгаа” бүтээл, П.Балжинням нарын "Нейтрофил эсийн эргэн сэргэлтэнд CD34+ үүдэл эсийн тоо нөлөөлөх нь" сэдэвт бүтээлүүд тусгай байрт шалгарлаа.

.