Хүүхдийн спортын VI наадмыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж, тамирчдад амжилт хүслээ

Монголын хүүхдийн спортын VI наадам өнөөдөр Буянт-Ухаа спорт ордонд ёслол төгөлдөр эхэллээ. Хүүхдийн спортын VI наадамд аймаг дүүргээсээ шалгарсан 5600 өсвөрийн тамирчин спортын 34 төрлөөр өрсөлдөх юм. Спортын наадмыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж, баг, тамирчдад амжилт хүслээ. 

Тэрээр “Хүүхдийн спортын хөгжлийг дэмжих, өсвөрийн тамирчдын ур чадвар, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, дасгалжуулагчдын ажлын үнэлэмжийг сайжруулах зорилгоор 4 жилд 1 удаа зохион байгуулдаг байсан Монголын хүүхдийн спортын наадмыг 2 жил тутамд зохион байгуулдаг байхаар Монгол Улсын Засгийн газраас 2018 онд шийдвэр гаргасан билээ.

Энэ шийдвэр нь өсвөр үеийнхний дунд биеийн тамир, спортын арга хэмжээний тоо, чанарыг нэмэгдүүлэх, тэмцээн, наадамд өргөнөөр хамруулах, ур чадвартай тамирчдыг эрт нээн илрүүлэх, үндэсний шигшээ багийн залгамж халааг бэлтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал дэмжлэг болно гэж үзэж байна. 

Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос хүрэлцэн ирсэн, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулах ирээдүйн олимп, дэлхийн аварга болох өсвөрийн тамирчдын шилдгийн шилдгүүд хуран цугларсан Монголын хүүхдийн спортын VI наадам эхэлж байгаад Засгийн газрын тэргүүний хувьд баяртай байна.

Цаашид Засгийн газар биеийн тамир, спортоор дамжуулан хүүхэд залуучуудыг ирээдүйдээ итгэл үнэмшилтэй, бие даан амьдрах чадвартай, ёс зүйтэй, хариуцлагатай, эх оронч үзэл бодолтой, эрүүл чийрэг иргэн болгон төлөвшүүлэхэд онцгой анхаарлаа хандуулан ажиллах болно” хэмээгээд баг тамирчдад амжилт хүслээ. 






.