Цэцэрлэгийн арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн сургалт-зөвлөгөөн эхэллээ

БСШУСЯ-аас зохион байгуулж буй “Цэцэрлэгийн арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн сургалт-зөвлөгөөн” өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 10-нд Ховд хотод эхэллээ.

Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэн, цаашид бүх түвшинд чанартай, үр дүнтэй зохион байгуулах нөхцөл боломжийг бий болгох, багшийн ажлын байран дээрх хөгжлийг ханган, зөвлөн туслах ажлын чанарыг сайжруулах зорилготой сургалт-зөвлөгөөнд Боловрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, тус яамны СӨБ болон Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга, сургагч багш нар, 5 аймгийн сургалтын менежер, арга зүйчид оролцож байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг зөвлөгөөнд хэлсэн үгэндээ “Улс орны хөгжлийн шинэ гарц нь боловсрол гэдгийг тодотгоод цэцэрлэг, сургууль нь "хүний хөгжлийн төв" байх ёстой гэлээ. Боловсролын өнөөгийн үндсэн асуудал нь сургалтын чанар болоод байгаа учраас чанарыг сайжруулахын тулд салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийхээс айх хэрэггүй. Сургалтын хөтөлбөрийг 10, 20 жил хатуу чанга барилгүй, шинжлэх ухаан, технологийн хөгжил, дэвшил, нийгмийн болон суралцагчийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулан байнга боловсронгуй болгож байх ёстой гэв. Энэ хичээлийн жил эхлэхээс өмнө зорилго, зорилт, бүтэц, төлөвлөгөө бүгд тодорхой болж, замын зураг гарсан. Хэрэгжилтийг амжилттай зохион байгуулах, багш нараа зөв чиглүүлж, манлайлах үүрэг та бүхэнд ногдож байна. Хичээгээрэй, эерэг сайхан харилцааг сургууль, цэцэрлэг бүртээ бий болгоорой” гэлээ.

Сургалт-зөвлөгөөнийг бүсчилсэн хэлбэрээр Ховд, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод болон нийслэлд төвлөрүүлэн зохион байгуулах бөгөөд орон нутгийн сургалтад 1749, нийслэлийн сургалтанд 1181 буюу улсын хэмжээнд нийт 2930 арга зүйч, менежерүүд “Цэцэрлэгийн арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн сургалт-зөвлөгөөн”-д хамрагдана.

Эхний ээлжийн Ховд аймагт болж буй баруун бүсийн Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн нийт 472 арга зүйч, менежерүүд хамрагдаж байна. Сургалтын технологи хариуцсан эдгээр ажилтнуудад хөтөлбөр хэрэгжүүлэх ур чадварыг багш нарт ажлын байран дээр нь эзэмшүүлэх, тэдэнтэй байнга хамтран ажиллах замаар хэрэгжилтийг хянах, үнэлж дүгнэх арга зүйг эзэмшүүлж, байгууллагын менежментийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болгон зохион байгуулах тодорхой шийдлийг боловсруулах нь энэхүү сургалт-зөвлөгөөний зорилго байх болно.








.