Салбарын “Дотоод аудит, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал” батлагдлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Дотоод аудитын хорооны 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагын дотоод аудит, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал”-ыг баталлаа.

Тус яамны 2019 оны зорилт болох “эрх зүйн орчныг шинэчлэх, сайжруулах” ажлын хүрээнд дотоод аудитын чиглэлд шинэ эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэв.

Аргачлалыг батлуулахдаа Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.10 дахь хэсэг, Сангийн сайдын 2019 оны 29 дүгээр тушаалаар баталсан “Дотоод аудитын хорооны дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн, одоо хэрэгжиж буй Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 5-р сарын 28-ны өдрийн А/201 дүгээр тушаалаар баталсан “Боловсрол, шинжлэх ухааны яам болон түүний харьяа байгууллагад дотоод аудитын үйл ажиллагаа явуулах журам”-ыг суурь болгожээ.

Аргачлалын ач холбогдол:

  • Яам төдийгүй салбарын хэмжээнд дотоод аудитор ажил үүргээ хараат бусаар, аливаа нөлөөнд автахгүйгээр гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх.
  • Салбарын хэмжээнд байгууллага бүр эрсдэлийн үнэлгээг хийх онол болон арга зүйн нөхцөл бүрдэх ба нэгдсэн аргачлалтай болж байна.
  • 2019 оны зорилтыг “салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэх, шинэчлэх” гэсэн бөгөөд энэ хүрээнд хийгдэж байгаа нэг ажил болно.
  • Эрсдэлийн үнэлгээ хийх шинжлэх ухаан, судалгаа, онолын томьёолол, Хууль зүйн яамны эрсдэлийн үнэлгээний аргачлалыг үндэслэв.
  • Салбарын эрсдэлийн мэдээллийн цахим сан бүрдүүлж, хаана ямар байгууллага, удирдах албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой алдаа гарч байгааг шуурхай илрүүлэн арилгах, зөвлөмж, чиглэлийг шуурхай өгөх замаар салбарын ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, нэр хүндийг өсгөх зэрэг ач холбогдолтой.

Цаашид Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллага бүр өөрийн үйл ажиллагааны эрсдэлийг тооцон гаргаж, байгууллагын үйл ажиллагаанд гардаг алдаа, иргэд олон нийтэд учруулдаг бэрхшээл бүрийг арилгаж, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг дээдлэн салбарын үйл ажиллагаанд ахиц гаргах болно гэж төлөвлөж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагын дотоод аудит, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал”-ыг ЭНД ДАРЖ үзнэ үү!

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗАР

.