Үндэсний 550 сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт 2019-2020 оны хичээлийн жилийн босгон дээр Сургалтын хөтөлбөрийг сайжруулж, энэ дагуу үндэсний сургалтыг эхлүүллээ. Эхлээд 8 дугаар сарын 5-10-нд үндэсний хэмжээнд сургалт явуулах үндэсний сургагч 550 багшийг бэлтгэх юм. Бэлтгэгдсэн сургагч багш нар 8 дугаар сарын 15-аас орон нутагт, мөн сарын 27-оос нийслэлд сургалтаа хийнэ. Сургалтад Монголын бүх багш нар, сургуулийн удирдлага (нийт 44000 хүн), БСУГ-ын дарга, мэргэжилтэнг бүрэн хамруулж байгаагаараа онцлогтой. Үүний зэрэгцээ мэргэжлийн боловсролын ерөнхий эрдмийн багш нар, багш бэлтгэдэг их дээд сургуулийн дидактикийн багш нар, ажил идэвхтэй хайж буй багш нар сургалтад оролцох нь нээлттэй байна.


Сургалтын хөтөлбөрийн тухай БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир дараах тайлбарыг өглөө.

     Сургалтын хөтөлбөрт сайжруулалт хийсэн анхны туршлага

Сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн хөгжүүлж ирсэн билээ. Сургалтын хөтөлбөрийг 1998 оноос өмнө 10 жилийн, 1998 оноос хойш дундажаар 4 жилийн давтамжтайгаар шинэчилж иржээ. Одоо мөрдөж байгаа бага боловсролын сургалтын хөтөлбөрийг 2014, суурь боловсролын хөтөлбөрийг 2015, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг 2016 оноос батлан хэрэгжүүлж байна.

Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, хөгжүүлж ирсэн түүхэн практикаас авч үзэхэд дэлхийн чиг хандлага, манай орны бодит түүхэн шаардлагаар сургалтын хөтөлбөрийг үе үе шинэчилж ирсэн боловч аль нэг хөтөлбөрийг судалгааны үр дүн үндэслэн хэрэгжих явцад нь сайжруулалт (update) хийж, хэрэгжилтийг дэмжсэн тохиолдол байхгүй тул энэ удаагийн ажил нь хөтөлбөрт сайжруулалт хийсэн анхны туршлага гэж үзэх боломжтой.

     Сургалтын хөтөлбөрийг хэрхэн сайжруулав?

Сургалтын хөтөлбөрийн сайжруулалтыг агуулгын давхардлыг арилгах, залгамж холбоог тодорхой болгох, хүндрэлийг арилгах, суралцах үйлийн тоог цөөлж багтаамжийг багасгах, суралцагчийн эзэмших мэдлэг, чадварын илэрхийлэл болсон суралцахуйн зорилтын томьёололыг онол арга зүйн шаардлагад нийцүүлэн засах, шинээр томьёолох зэрэг арга замаар хийсэн.

Бага боловсролын бүх судлагдахууны сургалтын хөтөлбөрийн агуулгыг нийт 1242 суралцахуйн зорилтоор тодорхойлж байсан бол сайжруулсан сургалтын хөтөлбөрт 755 болж дундажаар 35.5 % буурсан байна. Энэ мэтчилэн суурь боловсролын 8.7 %, бүрэн дунд боловсролын 9.2 % -иар агуулга тус тус буурсан байна. Энэ баримт бол зөвхөн тоон өөрчлөлт юм.

Сургалтын хөтөлбөрийн сайжруулалтын гол асуудал нь чанарын сайжруулалт юм. Чанарын сайжруулалтыг агуулга дахь суралцахуйн зорилтын үндсэн шаардлага болсон төрх байдал, гүйцэтгэл, нөхцөл, шалгуурыг тодорхой болгох замаар хэрэгжүүлсэн.

Мөн энэ удаагийн сайжруулалт нь зөвхөн сургалтын хөтөлбөрийн агуулга төдийгүй зорилго, зорилт, үнэлгээний арга зүйг сайжруулсан. Тухайлбал, бага, суурь боловсролын үнэлгээний зорилт, шалгуур, жинг тодорхойлж хөтөлбөрт тусгаж өгсөн.



Сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулахаас гадна тэдгээрийг хэрэгжих нөхцөл боломжийг бий болгох, хэрэгжилтийг дэмжих талаар сургалт семинар зохион байгуулах хэрэгцээ байгааг хөдөө орон нутгаар явж ажиллахад багш нар маань хэлж байсан. Учир нь багш нар сургалтын цөм хөтөлбөрт тусгасан хичээл тус бүрт тодорхой заасан зарчим зорилго, зорилт зэргийг ерөнхийдөө ойлгож байгаа хэдий ч хөтөлбөрийг сурагчийн тодорхой чадамжуудад буулгах нь хүндрэлтэй байгаа тухай санал ихээр гарч байлаа. Мөн суралцахуйн зорилтын тодорхойлолтыг тодорхой үйл, ур чадварыг ажиглаж болохуйц, хэмжиж болохуйц, сурагчийн чадамжийн хүрээнд байхаар тодорхойлох, шинэчлэх шаардлагатай гэж саналдаа тусгасныг бид харгалзан үзсэн.

.