Зургаа дахь жилийн оюутан цэргүүдийн сургалтын нээлт боллоо

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Шархад” хээрийн сургалтын төвд “Оюутан цэрэг” сургалтын зургаа дахь ээлжийн цэргийн сургалтын нээлтийн арга хэмжээ боллоо.


Оюутан, залуучуудыг эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт бэлтгэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, ахмад үеийн дайчин уламжлалаар хүмүүжүүлэх, шаардлагатай үед дайчилгааны бэлтгэл нөөцийг бэлдэх зорилго бүхий оюутан цэргийн сургалтад энэ жил 1000 оюутан хамрагдаж байна.

Оюутан цэрэг сургалт нь хугацаат цэргийн нэг жилийн сургалтыг дөрвөн сард багтаасан цэргийн албаны шинэ төрөл бөгөөд цэргийн 11 бага мэргэжлийг эзэмшүүлдэг байна.  2014 онд эхэлсэн тус сургалтад зургаан жилийн хугацаанд 5500 гаруй оюутан хамрагдаж, эх орныхоо өмнө эр цэргийн тангараг өргөжээ.


Цэргийн сургалтын нээлтэд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Зэвсэгт хүчин жанжин штабын удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг нарын зэрэг төрийн болон сургалтын байгууллагын удирдлагууд оролцлоо.


“Бид эх орондоо хэрэгтэй, жинхэнэ иргэн, эр цэрэг болон хатуужиж байна” энэ үгийг оюутан цэргүүдээ төлөөлж үг хэлсэн байлдагч Ариунболд хэллээ. Дараа нь байлдагч Ариунболд, Билгүүтэй нар гоцлон нийт оюутан цэргүүд “Эх орон эрчүүдээр дутна” дууг дуулав.


Мөн энэ үеэр сургалтын төвд шинээр баригдсан цэргийн байрнуудын нээлт боллоо. “Төвхөн трейд” компаний гүйцэтгэсэн долоон байр нээгдсэнээр тус төв оюутан, цэргүүдээ бүгдийг нь байршуулах боломжтой болсон юм. 










.