БАГШЛАХ ЭРХ ОЛГОХ, ХАСАХ ЖУРАМ

"Багшлах эрх олгох, хасах журам"-ын төсөлд санал авч байна. Саналаа БСШУСЯ-нд ирүүлнэ үү. 


БАГШЛАХ ЭРХ ОЛГОХ, ХАСАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Өмчийн бүх хэлбэрийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллага, насан туршийн боловсролын байгууллага (цаашид “сургалтын байгууллага” гэх)-ын багш, арга зүйч, удирдах болон бусад ажилтанд (цаашид “багш” гэх) багшлах эрх олгох, хасах, цуцлах, сэргээх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Энэхүү журмын зорилго нь сургалтын байгууллагын багшийн мэдлэг, боловсрол, мэргэшлийн ур чадварын хөгжлийг тодорхойлох, багшийн ёс зүй, нэр хүндийг өргөх, тэдний үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхэд оршино.

1.3. Энэхүү журмын 2.1.1, 2.2-т заасан шалгуурыг хангасан, зохих журмын дагуу багшлах эрх авсан иргэнийг сургалтын байгууллагад багшаар ажиллуулна. 

1.4. Багшлах эрх олгох, хасах журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүний эрх, шударга ёс, хуулийг дээдлэх, ил тод, нээлттэй байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг тус тус баримтална. 

1.5. Энэхүү журам нь Монгол Улс болон гадаад улсын их, дээд сургуульд багш мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшиж төгссөн, эсвэл сургалтын байгууллагад ажиллаж байгаа багшид тус тус хамаарна. 

1.6. Багшлах эрхийг олгох, хасах, цуцлах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үйл ажиллагааг Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн байгууллага мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлага, зохицуулалтаар ханган, зохион байгуулна.

1.7. Багшлах эрхийг тухайн багшийн эзэмшсэн мэргэжлийн чиглэл бүрээр олгоно. 

1.8. Энэхүү журмын 2.1, 2.2-т заасан шалгуурыг хангасан багшид багшлах эрхийн гэрчилгээ олгоно. 

Хоёр. Багшлах эрх олгох шалгуур 

2.1. Багшлах эрх олгоход дараах шалгуурыг баримтална. Үүнд: 

2.1.1. Багшийн мэргэжлээр бакалавраас доошгүй боловсролын зэрэгтэй байх;
2.1.2. Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад зохих журмын дагуу хамрагдсан байх;

2.2. Багш мэргэжилтэй иргэн багшийн мэргэшлийн өөр чиглэлд, багш бус мэргэжилтэй иргэн багш мэргэжилд тус тус хөрвөж, багш бэлтгэх тусгай зөвшөөрөл бүхий Монгол Улсын их, дээд сургуулийн бакалаврын түвшний сургалтыг дүүргэсэн байна. 

Гурав. Багшлах эрх олгох, сэргээх үйл ажиллагаа

3.1. Багшид дараахь 4 зэрэглэлийн багшлах эрхийг олгоно: Үүнд:

Төгсөгч

Багшлах эрхийн зэрэглэл

Хүчинтэй хугацаа /жил/

1

Багш мэргэжлийн хөтөлбөр дүүргэсэн төгсөгч

IV зэргийн багшлах эрх

2

2

Хөрвөх сургалтын хөтөлбөр дүүргэсэн төгсөгч

3

Эхний жилийн үндсэн сургалтад хамрагдсан багш

III зэргийн багшлах эрх

5

4

5 дахь жилийн үндсэн сургалтад хамрагдсан багш

II зэргийн багшлах эрх

5

5

10 дахь жилийн үндсэн сургалтад хамрагдсан багш

I зэргийн багшлах эрх

Хугацаагүй


3.2. Багшлах эрх олгох үйл ажиллагааг дараах байдлаар зохион байгуулна. Үүнд:

3.2.1. Сургалтын байгууллагын ажил олгогч нь жил бүрийн 10 дугаар сард багтаан шинээр ажилд орсон багшийн бакалаврын боловсрол эзэмшсэн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар болон ажилд авсан тушаалын хуулбарын хамт аймаг, нийслэлийн боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлнэ.
3.2.2. Аймаг, нийслэлийн боловсрол, соёл, урлагийн газар жил бүрийн 11 дүгээр сард багтаан багшлах эрх олгуулахыг хүссэн багш нарын мэдээллийг нэгтгэн энэхүү журмын 3.2.1-т заасан баримт бичгийн хамт Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн байгууллагад хүргүүлнэ.
3.2.3. Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн байгууллага жил бүрийн 12 дугаар сард багтаан багшлах эрх олгосон багшийн багшлах эрхийн гэрчилгээг буцаан Аймаг, нийслэлийн боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлнэ. 

3.3. Сургалтын байгууллага, боловсролын салбарын эрдэм шинжилгээ, мэргэжил, арга зүй, үнэлгээний байгууллага болон боловсролын асуудал хариуцсан орон нутгийн байгууллагад ажиллаж байгаа багшлах эрхтэй удирдах болон бусад ажилтан үндсэн сургалтад өөрийн зардлаар хамрагдаж багшлах эрхийн зэрэглэлийг дээшлүүлж болно.

3.4. Багшлах эрх нь цуцлагдсан, багшлах эрхийг хассан хугацаа дууссан иргэн Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн байгууллагааас зохион байгуулах мэргэжлийн шалгалтад орж, тэнцсэн тохиолдолд багшлах эрхийг сэргээж, олгоно.

3.5. Энэхүү журмын 3.4-д дурдагдсан мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах журмыг Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн байгууллага батална.

Дөрөв. Багшлах эрх хасах, цуцлах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох үйл ажиллагаа 

4.1. Багшлах эрхийг дараах үндэслэлээр хасна. Үүнд:

4.1.1. Багшийн ёс зүйн зөрчлийг 3 буюу түүнээс дээш удаа гаргасан, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн болохыг аймаг, нийслэлийн Ёс зүйн хороо тогтоож дүгнэлт гарсан;
4.1.2. Шүүхээс багшлах эрх хасах шийтгэл ногдуулсан;
4.1.3. Хүүхдийн эрхэд халдсан болохыг эрх бүхий албан тушаалтан тогтоосон;

4.2. Багшийн багшлах эрхийг хасах үндэслэл тогтоогдсон бол сургалтын байгууллагын удирдлага холбогдох шийдвэр, нотлох баримтын хамт Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн байгууллагад хүргүүлж, шийдвэрлүүлнэ.

4.3. Багшлах эрхийг энэхүү журмын 4.1.2-д зааснаас бусад тохиолдолд 3 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хасна.

4.4. Багшлах эрхээ 2 удаа хасуулсан багшид багшлах эрхийг дахин олгохгүй.

4.5. Багшлах эрх хассан тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн багш шүүхэд гомдлоо гаргана.

4.6. Багшлах эрхийг дараах үндэслэлээр цуцална. Үүнд:

4.6.1. Мэргэжлийн мэдлэг, сургалтын арга зүй, ур чадвар хангалтгүй байгааг эрх бүхий байгууллагын 2 буюу түүнээс удаагийн шалгалтаар тогтоосон;
4.6.2. Сургалтын байгууллагад хүндэтгэн үзэх шалтгаан (хүндээр өвчилсөн, хүүхэд асрах чөлөөтэй, мэргэжлийн чиглэлээр дотооддоо болон гадаад улсад суралцсан)-гүйгээр тасралтгүй 3 ба түүнээс дээш жил багшлаагүй; 
4.6.3. 5 жил тутамд хамрагдах ёстой мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр (жирэмсний болон амаржсаны амралтаа авсан, хүндээр өвдсөн, гадаадад албан томилолтоор ажилласан, гачигдал, зовлон тохиолдсон) хамрагдаагүй;
4.6.4. Хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолж, багшлах эрхээ түдгэлзүүлээгүй бол;

4.7. Багш нь энэхүү журмын 4.6.2, 4.6.3-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримт бичгийн хамт Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн байгууллагад хүсэлт гаргаж багшлах эрхийн хугацааг түдгэлзүүлнэ.

4.8. Багшлах эрхийг хуурамч баримт бичиг бүрдүүлж авсан болох нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон бол багшлах эрхийг хүчингүй болгоно.

Тав.Бусад

5.1. Багшлах эрхийн гэрчилгээний загвар, үнийг Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн байгууллага батална.

5.2. Багшлах эрхийн гэричлгээгээ хаяж үрэгдүүлсэн багш хүсэлт гаргасан тохиолдолд Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн байгууллага нөхөн олгоно. 

5.3. Энэхүү журмыг зөрчсөн багшид холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага хүлээлгэнэ.

5.4. Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн байгууллага багшлах эрх олгогдсон, багшлах эрх нь хасагдсан болон сэргээгдсэн багш нарын мэдээллийн санг үүсгэж, түүнд нэвтэрч мэдээлэл авах боломжийг бүрдүүлнэ.

---oOo---










.