Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын орчныг бүрдүүлэх журам

Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын орчныг бүрдүүлэх журмын төсөл санал авч байна. Саналаа БСШУСЯ-нд ирүүлнэ үү. 

Төсөл

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын

2019 оны  .. дугаар сарын ...-ны өдрийн.... тоот тушаалын хавсралт

Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын орчныг бүрдүүлэх журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь сургууль, цэцэрлэгийн сургалтын орчныг хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад ээлтэй болгох, тэднийг тохирох хэрэглэгдэхүүнээр хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино. 
1.2. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчныг ээлтэй болгоход хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусадтай адил чанартай боловсрол эзэмших сургалтын материаллаг, сэтгэл зүйн болон үйлийн орчны асуудал хамаарна.
1.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд “Нийгмийн халамжийн тухай хууль”-ийн дагуу олгодог протез, ортопед, туслах хэрэгсэл энэ журамд хамаарахгүй.
1.4. Энэхүү журам нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийн 14.1.3-д заасны дагуу өмчийн бүх хэлбэрийн сургууль, цэцэрлэгт ижил үйлчилнэ.
1.5. Энэхүү журамд дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
• сургалтын орчин  гэж Боловсролын тухай хуулийн 3.1.10-д  “боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд шаардагдах материаллаг нөхцөл болон сурах, сургах харилцааг” гэж тодорхойлсноор;
• тохирох хэрэглэгдэхүүн гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.3-д “хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил хүний үндсэн эрх, эрх чөлөөг тэгш эдлэхэд зориулсан нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж, материал, хэрэгсэл, программ хангамж, орчин нөхцөл, үйлчилгээг” гэж тодорхойлсноор; 
• түгээмэл загвар гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.4-д “нэмэлт тохиргоо, тусгай загвар шаардахгүйгээр бүх хүн ашиглахад тохиромжтой, энгийн бүтээгдэхүүн, программ, орчин болон үйлчилгээний хэв маягийг” гэж тодорхойлсноор.

Хоёр.  Баримтлах зарчим
2.1. Хүүхдийн нэр төр, нандин чанар, хувийн хараат бус байдлыг хүндэтгэх
2.2. Тэгш хамруулалт ба бүрэн дүүрэн оролцоонд чиглэсэн байх 
2.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьсан өөрчлөгдөх чадвар болон өөрийн      онцлог байдлаа хадгалах эрхийг хүндэтгэх

Гурав. Сургууль, цэцэрлэгийн сургалтын орчныг хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад ээлтэй болгох
3.1. Сургууль, цэцэрлэг нь сургалтын орчны ээлтэй байдлын үнэлгээг хийж, үнэлгээнд үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй байдлыг сайжруулах арга хэмжээг үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлнэ.
3.2. Сургууль, цэцэрлэг нь өөрийн нөөц бололцоогоор шийдвэрлэх боломжгүй асуудлыг  аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, дүүргийн Боловсролын хэлтсээр дамжуулан, аймаг/ нийслэлийн Засаг даргад жил бүрийн 7 дугаар сарын 01-ний дотор хүргүүлнэ. 
3.3. Аймаг, нийслэлийн Засаг дарга Боловсролын тухай хуулийн 30.1.4, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15.10-д заасны дагуу шаардагдах төсвийг тухайн жилийн орон нутгийн төсөвт тусган шийдвэрлэнэ. 
3.4. Сургууль, цэцэрлэг нь материаллаг орчныг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй болгон сайжруулах ажлыг жил бүрийн 8 сарын 15-ны дотор хийж гүйцэтгэнэ. 
3.5. Материаллаг орчныг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй болгох ажлыг барилгын зохих стандартын дагуу хийж гүйцэтгэнэ. 
3.6. Мэдээллийн хүртээмжтэй орчинг бий болгох, хүмүүсийн хандлагаас үүдсэн хязгаарлалтуудыг арилгах арга хэмжээг хичээлийн жилээр төлөвлөн хэрэгжүүлнэ.   

Дөрөв. Тохирох хэрэглэгдэхүүнийг сонгох, төлөвлөх, хангах
4.1. Сургуулийн “Дэмжлэгийн баг” тохирох хэрэглэгдэхүүний асуудлыг анги удирдсан багш нар, шинээр элсэх болон үргэлжлүүлэн суралцах хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн эцэг эхтэй хамтран хэлэлцэж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрт тохирох хэрэглэгдэхүүнийг сонгоно.
4.2. Тохирох хэрэглэгдэхүүнийг тухайн хүүхдийн онцлогт нийцүүлэн түүний  чадварыг боломжит дээд хэмжээгээр хөгжүүлэхээр сонгоно. 
4.3. Нэмэлтээр шаардагдах тохирох хэрэглэгдэхүүнийг ханган нийлүүлэх хүсэлтийг аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газар, дүүргийн Боловсролын хэлтэст хүргүүлнэ.  
4.4. Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Дүүргийн Боловсролын хэлтэс нь “Сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөл”-ийг хуралдуулж, хүүхэд тус бүрээр сурах хэрэгцээнд нь нийцсэн тохирох хэрэглэгдэхүүнийг хангах асуудлыг шийдвэрлэнэ.
4.5. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нь суралцагчдыг тохирох хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө тохирох хэрэглэгдэхүүнийг бүрдүүлнэ.
4.6. Сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг эх, асран хамгаалагч, суралцагчдад зориулан тохирох хэрэглэгдэхүүнийг ашиглах сургалтыг 8 дугаар сарын 20-ноос өмнө зохион байгуулна. 
4.7. “Дэмжлэгийн баг” нь улиралд нэг удаа тохирох хэрэглэгдэхүүний нийц, ашиглалтын талаар багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоотойгоор үнэлгээ хийж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 
4.8. Сургуулийн захирал нь тохирох хэрэглэгдэхүүний санхүүжилтийг улсын төсвийн үйл явцтай уялдуулах зорилгоор 5 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгааг баг/ хорооны Засаг даргаар гаргуулж, судалгаанд үндэслэн тохирох хэрэглэгдэхүүний төлөвлөлтийг хийнэ. 
4.9. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нь баг, хорооны Засаг даргаас ирүүлсэн сургууль, цэцэрлэгт шинээр элсэх болон дэвшин суралцах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн жагсаалтыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, дүүргийн Боловсролын хэлтэст хүргүүлнэ.  

Тав. Удирдлага, зохион байгуулалт
5.1        Өмчийн бүх хэлбэрийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нь хүртээмжтэй орчинг бий болгож, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлог хэрэгцээнд нь нийцсэн тохирох хэрэглэгдэхүүнээр  хангах ажлыг зохион байгуулж, шаардагдах төсвийг холбогдох газарт хүргүүлж шийдүүлнэ.

5.2        Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, дүүргийн Боловсролын газар нь харьяа орон нутгийн сургууль, цэцэрлэгт тохирох хэрэглэгдэхүүн, хүртээмжтэй орчин, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөтэй холбоотой арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

5.3        Тохирох хэрэглэгдэхүүн, хүртээмжтэй орчинтой холбоотой асуудлаар зөвлөх үйлчилгээ авах бол төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно.
                          
Зургаа. Хяналт, үнэлгээ

6.1. Дэмжлэгийн баг нь тухайн цэцэрлэг, сургуульд  суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээнд нийцсэн тохирох хэрэглэгдэхүүний хангамж, ашиглалтад хяналт тавьж ажиллах ба тайланг жилд нэг удаа аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, дүүргийн Боловсролын хэлтэст хүргүүлнэ.
6.2. Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, дүүргийн Боловсролын хэлтэс нь журмын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг жил бүр хийж, үр дүнгийн тайланг 10 дугаар сарын 1-ний дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. 
6.3. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нийслэлийн Боловсролын газар/ аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас ирүүлсэн тайлан, мэдээнд хяналт үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн шаардлагатай тохиолдолд зөвлөмж, чиглэл хүргүүлнэ.
                
Долоо.Санхүүжилт

7.1       Орчны хүртээмжийг сайжруулахтай холбоотой зардлыг тухайн орон нутгийн төсвөөс, тохирох хэрэглэгдэхүүний зардлыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төсвөөс санхүүжүүлнэ
7.2       Цэцэрлэг, сургуульд суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тохирох хэрэглэгдэхүүнийг худалдан авах зардлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тухайн жилийн төсөвт тусгана.
7.3       Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэр дэх цэцэрлэг, сургуулийн орчны хүртээмжийн сайжруулахад зориулж хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж болох бөгөөд  холбогдох зардлыг орон нутгийн төсөвт тусган шийдвэрлэнэ

Найм. Бусад 
8.1    Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт  хэрэг, зөрчлийн шинжтэй бол зохих хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.





.