Шинжлэх ухаан, технологи, инновацийн тогтолцоог илүү хүртээмжтэй болгох зорилгоор сургалт зохион байгууллаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам ЮНЕСКО-ийн Монгол үндэсний комисс, ЮНЕСКО-гийн Парис дах төв байгууллага болон Бээжин дэх төлөөлөгчийн газруудтай хамтран 2019 оны 6 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд “ЮНЕСКО-гийн GO-SPIN болон SAGA аргачлалыг ашиглан "Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн тогтолцоог илүү хүртээмжтэй болгох, жендэрийн орчин нөхцөлийг сайжруулах нь” сэдэвт сургалт зохион байгуулж байна.

Арга хэмжээнд ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Мариелза Оливиера оролцож, ЮНЕСКО-ийн төв байгууллагын Шинжлэх ухааны салбарын Шинжлэх ухааны бодлого, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Мануэль Рикардо Галиндо Морено удирдан явуулж байна.

Монгол улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн /ШУТИ/ бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлгээ хийх чадавхыг бэхжүүлэх зорилготой тус сургалтад  төрийн болон төрийн бус байгууллагуудаас 50 орчим төлөөлөгч оролцож байна.

ЮНЕСКО нь гишүүн орнуудаа ШУТИ-ийн бодлого боловсруулах үе шат бүрт тохирсон арга хэрэгслээр хангах замаар дэмжин ажилладаг.  Өнөөдрийн байдлаар Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбарт жендэрийн тэгш байдлыг бий болгох зорилго бүхий SAGA төслүүдээр дамжуулан дэлхийн 50 гаруй орны ШУТИ-ийн мэдээллийг цуглуулан GO SPIN онлайн нээлттэй платформ олон SAGA жендэрийн мэдээллийн санд оруулаад байна.

GO-SPIN нь ШУТИ-ийн бодлого, бодлогын арга хэрэгслүүд болон тэдгээрийн хэрэгжилтийг хянах, дүн шинжилгээ хийх аргачлал юм. Харин SAGA нь төсөл нь шинжлэх ухаан, технологи, инженер математикийн салбарын бүх түвшин дэх жендэрийн тэгш бус байдлыг тодорхойлон шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах ШУТИ-ийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

ЮНЕСКО-гийн GO-SPIN болон SAGA  төсөл нь НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага, Дэлхийн банк, Дэлхийн шинжлэх ухааны академи зэрэг олон улсын байгууллагуудын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн арга хэрэгслүүд юм. Олон Улсын хамтрагч талууд, ШУТИ-ийн оролцогч талууд, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийнхэнтэй үр дүнтэй хамтран ажилласны дүнд энэхүү арга хэрэгслүүдийг хэрэглэх сонирхолтой улс орнуудын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа бөгөөд эдгээр аргачлал нь “Хөгжиж буй орнуудын технологийн банк”-ны үйл ажиллагааны төлөвлөгөөнд хамрагдсан болно. 




.