Шинжлэх ухаан, технологи ба “Дөрөв дэх засаглал”-ынхан сургалт-хэлэлцүүлэг хийлээ

Шинжлэх ухаан, технологийн сангаас санаачлан “Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг сэтгүүл зүйгээр дамжуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх” сургалт, хэлэлцүүлгийг сэтгүүлчдийн дунд өнөөдөр /2019.05.16/ зохион байгууллаа.


Нийгэм, эдийн засгийн хөгжилд дэвшил авчирдаг шинжлэх ухааны салбар ба хөгжлийн үр шимийг хүртдэг олон нийтийн гүүр нь шинжлэх ухааны сэтгүүл зүй буюу хэвлэл мэдээллийнхэн юм.

Дөрөв дэх засаглал болох хэвлэл мэдээллээр дамжуулж шинжлэх ухаан, тeхнологийн ололт амжилт, эрдэмтэн, судлаачдын бүтээл, Ноу Хау-г түгээн дэлгэрүүлж, олон түмэнд хүргэх шинжлэх ухаанч сэтгүүл зүйн нийгмийн хариуцлагыг бий болгоход өнөөдрийн сургалт-хэлэлцүүлэг чиглэсэн байна.

Шинжлэх ухаан, сэтгүүл зүйн салбар дундын хамтын ажиллагаанд суурилсан өнөөдрийн арга хэмжээнд 20 гаруй сэтгүүлч оролцож, шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлагын талаар хэвлэл мэдээллээр дамжуулж, олон нийтэд хүргэх чухал мэдээллүүдийг цуглуулж чадлаа.

Арга хэмжээнд салбар салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүд үнэ цэнэтэй, сонирхолтой илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариулав.

Шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбар дундын сургалт-хэлэлцүүлгийг БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат нээж,  шинжлэх ухааны мэдлэг, технологийн ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэхэд сэтгүүл зүйн салбар голлох үүрэгтэй гэдгийг онцлоод хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд талархал илэрхийлэв.




.