Инноваци ба энтрепренершипийн хөгжил​ (ICIED-2019) амжилттай зохион байгуулагдлаа

“Монголын Инновацийн 7 хоног-2019” арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй ICIED-2019 “Инноваци ба энтрепренершипийн хөгжил” Олон улсын Эрдэм шинжилгээний бага хурал 5-р сарын 09-ний өдөр ШУТИС дээр 5 дахь жилдээ амжилттай явагдлаа. Энэ жилийн хуралд Япон, БНХАУ, Өмнөд Солонгос, Тайван, Кувейт, АНУ, ОХУ болон Монгол зэрэг найман орны эрдэмтэд, судлаачид, БСШУСЯамны төлөөллүүд, ШУТИС, МУИС болон бусад их дээд сургуулиудын профессор багш нар, технологи дамжуулах албаны мэргэжилтнүүд, мөн бизнес болон төрийн бус байгууллагын төлөөлөл, ахисан түвшний оюутнуудаас бүрдсэн 100 орчим хүн оролцлоо.

Хурлын нээлтийн ажиллагаанд БСШУСЯ-ны Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын дарга, доктор С.Мөнхбат, ШУТИС-ийн захирал, доктор Б.Очирбат, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Аж үйлдвэрийн их сургуулийн Эдийн засаг, Бизнесийн сургуулийн орлогч захирал, доктор Ш.Хао нар оролцож үг хэлэв. Мөн СУИС-ийн багш, оюутнууд ардын урлагийн мэндчилгээ дэвшүүллээ.

Хурлын хөтөлбөр ёсоор 4 урилгын илтгэл, 9 судалгааны илтгэл хэлэлцүүлэв. Түүнчлэн хурлын илтгэлүүдийг ШУТИС Бизнесийн Ахисан Түвшний Сургуулиас эрхлэн гаргаж буй “Менежмент ба Инноваци” ЭШ-ний сэтгүүлд хэвлүүлсэн ба нийтдээ багш, судлаачид, доктор оюутнууд 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлснээс мэргэжлийн хянах магадлагаа хийж 17 эрдэм шинжилгээний өгүүллийг нийтлэв. Урилгын илтгэлүүд: - Японы Токиогийн Технологийн их сургуулийн профессор Т. Ябэ “Магнезмийн дахин ашиглалтын түлшийг сэргээгдэх эрчим хүчни хэрэглээнд ашиглах боломж”; - БНХАУ ӨМӨЗО-ны АҮИС-ийн профессор Ш.Хао “Хятадын сүүний үйлдвэрийн хөгжлийн төрийн зохицуулалтын гол үр дүнгүүд”; - Тайваны ШУТ-ийн Үндэсний их сургуулийн дэд ерөнхийлөгч, профессор Лю Дэй Янг “Дээд боловсролын байгууллагад инноваци ба энтрепренершипийн эко систем бүрдүүлсэн туршлага”; - Койка ОУ-ын байгууллагын зөвлөх, ШУТИС БАТС-ийн урилгын профессор Сонг Ин-Таэк “Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрин үед их сургуулийн гүйцэтгэх үүрэг” зэрэг болно.

Түүнчлэн гадаад дотоодын судлаачид, профессор багш нар, доктор оюутнууд “Тайваны аж үйлдвэрийн бодлого, түүний хэрэгжилтийн үр дүн”, “Инноваци ба мэдлэгийн эдийн засагт суурилсан үндэсний хөгжлийн төлөвлөгөө: Кувейтийн инновацийн эко системд хувьчлалын үзүүлэх нөлөө”, “Мэдээлэл харилцаа холбооны салбар дахь инновацийн бодлого, зохицуулалтын шинэчлэлт”, “Монгол дахь эдийн засгийн эмзэг байдлын асуудал”, “Монголын өрсөлдөх чадварын харьцуулсан судалгаа”, “Монголын гарааны бизнесийн эко системийн судалгаа: зарим үр дүн”, “Венч капиталын хөрөнгө оруулалтын онол, практикийн хөгжил, Монголд хэрэгжүүлэх арга, туршлага”, “Системийн динамик загварт тулгуурлан бизнесийн байгууллагын тогтвортой хөгжлийг судлах нь (Тахианы фирмийн жишээн дээр)” зэрэг илтгэлүүдийг хэлэлцэж, оролцогчид сонирхолтой хэлэлцүүлгүүдийг өрнүүлэв




.