Салбарынхаа тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж, цэгцлэх байх гэж олон нийт шинэ сайдад найдаж байна

Манай улсын нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулдаг гол салбарын нэг бол боловсрол. Уг салбарыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг удирдаад хоёр сар болж байна. Энэ хугацаанд хэд хэдэн томоохон шийдвэр гаргаж, салбарынхаасаа төдийгүй олон нийтээс нэмэх оноо авч чадлаа. Энэ эрхэм УИХ дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж, эдгээр салбарын асуудалтай танилцаж, холбогдох хууль, бодлогын баримт бичигт тусгаж, анхаарч ажиллаж байсан учраас яамны ажилд шууд орсон гэж болно. Тийм ч учраас холбогдох шийдвэрийг цаг алдалгүй гаргаж чадсан болов уу. Тухайлбал, бага ангийн сурагчдын дунд янз бүрийн уралдаан тэмцээн, олимпиад зохион байгуулахыг хориглосон бол 2018-2019 оны хичээлийн жилд өмчийн хэлбэрээс үл хамааран ерөнхий боловсролын сургуулийн төгсөх IX, XII ангийн сурагч болон  багш нарыг БСШУСЯ-наас баталсан олон улсын болон дотоодын тэмцээн, олимпиадаас бусад ажилд оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн.  Маш олон төрлийн тэмцээн олимпиад зохион байгуулж сурагч, багшийн ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж, хүүхдийн сурах хүсэл сонирхлыг бууруулдаг учраас энэ шийдвэрт олон нийт талархалтай хандаж байна.  Харин авьяас чадварыг нээн хөгжүүлэх, ахмад үе, уламжлалаа хүндэтгэх, байгаль орчноо хамгаалах, харилцааны соёлд суралцах, бие бялдрыг нь хөгжүүлэх чиглэлээр ганцаарчилсан бус багийн уралдаан, тэмцээн зохион байгуулж болно. Мөн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарын илүү цагийн мөнгийг бүтнээр нь олгохоор болж, тэдний хүлээлтийг эцэслэв. Цэцэрлэгийн багш долоо хоногт дунджаар 40 орчим цаг илүү ажилладаг бөгөөд 16 цагийнхаа мөнгийг авдаг байсан бол одоо бүтнээр авахаар боллоо. Харин ерөнхий боловсролын сургуулийн тухайд мэргэжлийн багш дутагдалтай учир илүү цаг ажилладаг. Иймд багш нарын илүү цагийн мөнгийг Боловсролын сайдын багц дахь хөрөнгөөс нөхөж олгохоор болсон билээ.

Мөн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарын илүү цагийн мөнгийг бүтнээр нь олгохоор болж, тэдний хүлээлтийг эцэслэв. Цэцэрлэгийн багш долоо хоногт дунджаар 40 орчим цаг илүү ажилладаг бөгөөд 16 цагийнхаа мөнгийг авдаг байсан бол одоо бүтнээр авахаар боллоо. Харин ерөнхий боловсролын сургуулийн тухайд мэргэжлийн багш дутагдалтай учир илүү цаг ажилладаг. Иймд багш нарын илүү цагийн мөнгийг Боловсролын сайдын багц дахь хөрөнгөөс нөхөж олгохоор болсон билээ.


БҮХ ХҮҮХДИЙГ ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛГОЖ, СУРГУУЛИЙГ ХОЁР ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛҮҮЛЭХЭЭ АМЛАВ

Салбарын зорилт буюу сайдын хийхээр төлөвлөсөн  ажлаас энэ онд бүх хүүхдийг цэцэрлэгтэй болгож, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийг хоёр ээлжид шилжүүлэх амлалтын биелэлтийг ирэх хичээлийн жилд харах юм. Одоогийн байдлаар орон нутгийн тав, нийслэлийн 23 сургуулийн 8451 сурагч гурван ээлжээр хичээллэж байна. Энэ оны улсын төсвөөр 22, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар дөрөв, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр нэг, Япон улсын буцалтгүй тусламжаар хоёр  нийт  29 сургуулийг ашиглалтад оруулна. Эдгээр сургуулийн барилгын ажил ямар нэгэн байдлаар саатахгүй бол ирэх хичээлийн жилд улсын хэмжээний бүх сургуулийг хоёр ээлжид шилжүүлж чадах юм. Нөгөөтэйгүүр, жил бүрийн намар багагүй асуудал үүсгэдэг цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд 132 цэцэрлэг шинээр барьж 19500, 2020 онд 42 цэцэрлэг шинээр барьж 6850 хүүхдийг хамруулна. Мөн малчдын хүүхдийг дотуур байранд бүрэн хамруулахад анхаарч ажиллахаар болсон. Улсын хэмжээн дэх 500 гаруй дотуур байранд 34.7 мянган хүүхэд амьдардаг бөгөөд нэмж хамруулах хэрэгцээ байгаагийн зэрэгцээ орчин нөхцөлийг сайжруулах шаардлага үүссэн. Үүнийг салбарын сайд бодлогын ард үлдээгээгүй нь дахин нэмэх оноо авахад нөлөөллөө. Дотуур байрын 71.3 хувь нь төвлөрсөн бус усан хангамжтайгаас усаа зөөж хэрэглэдэг бол 60 орчим хувь нь нүхэн жорлонтой, тэдний дийлэнх нь 70 метрээс хол зайд байрладаг гэсэн судалгаа бий. Иймд нүхэн жорлонг хэрэглээнээс хасах зорилгоор аян эхлүүлэхээр болжээ.


"ЦӨМ" ХӨТӨЛБӨРИЙГ ӨӨРЧЛӨХГҮЙ, ЗАСЧ ЗАЛРУУЛАН ИЛҮҮ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО

Салбар хариуцсан сайд бүхэн  өөрийн нэр хаягтай шинэ ажил хийх гэж хичээдэг.  Түүнээс нь болж тухайн салбарын ажлын уялдаа холбоо алдагдаж, багагүй асуудал үүсдэг тал бий. Ялангуяа БСШУС-ын яамыг удирдахаар очсон эрхмүүд өмнөх сайдынхаа ажлыг үгүйсгэж, шинээр эхлэхийг оролддог дутагдалтай. Энэ утгаараа дийлэнх нь ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг өөрчилж, түүнээс улбаатай олон асуудал үүсдэг. Тэгвэл Ё.Баатарбилэг сайд төрийн ажлын залгамж чанарыг чухалчилж, уялдаа холбоог сайжруулахад түлхүү анхаарч, өмнөхөө шүүмжилж, зогсоохыг урьтал болгохгүй. Урагшаа харж ажиллахаа мэдэгдсэн. Тухайлбал, ерөнхий боловсролын сургалтын “Цөм” хөтөлбөрийг өөрчлөхгүй харин агуулгад нь судалгаа, дүн шинжилгээ хийж, зарим алдаа дутагдлыг засч, үр дүнг сайжруулах юм. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нарын ачаалал буурна гэж үзжээ. Мөн багш нар нийт цагийнхаа 37 хувийг  үндсэн, үлдсэнийг нь нэмэлт ажилд зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ. Иймд багш нар бичиг цаастай зууралдах бус сурагч нэг бүртэй ажилладаг болгохын тулд ачааллыг нь бууруулахаар холбогдох шийдвэрийг гаргасан нь энэ.

Сайдын зайлшгүй хийх ёстой бас нэг ажил бол чанартай, чанаргүй олон их, дээд сургуулийг цэгцэлж, заримыг нь нэгтгэх юм. Үүнийг одоогоос дөрөв, таван жилийн өмнө тухайн үеийн сайд хөндсөн ч үр дүнд хүрээгүй. Учир нь, асуудлыг бүхэлд нь шийдэх бус олон нийтийг аргацаах байдлаар хандсан гэж болно. Магадлан итгэмжлэгдсэн гэдэг нэр томъёо хахуулийн халхавч гэж үзэх нь ч бий. Иймд чанаргүй их, дээд сургуулийн тоог цөөлөх нийгмийн захиалга шаардлагаар огт магадлан итгэмжлэгдээгүй 14, өөрийн үнэлгээний тайлангаа бичиж байгаа 25 их, дээд сургуульд магадлан итгэмжлэл олгоогүй нь түүний амлалтын биелэл. Энэ эрчээрээ чанаргүй их, дээд сургуулиудыг татан буулгах, заримыг нь нэгтгэх, сургалтын төлбөрийг эргэж харах, элсэгчдийн тоонд хязгаар тогтоох, бүртгэлийн хураамжгүй болгох зэргээр асуудлыг зохистойгоор шийдвэрлэхийг олон нийт хүлээж байна. 


СУРАХ БИЧГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖИЛД ХАНЦУЙ ШАМЛАН ОРОВ

Энэ салбарт нэн шаардлагатай шийд­вэрлэх ажлын нэг бол яах аргагүй сурах бичгийн хүрэлцээ, хангамж юм. Үүнийг шат дараалалтай, тухайн үед нь шуурхай шийднэ гэдгээ салбарын сайд хэлсэн. Нийслэлийн хэмжээнд хоёр хүүхдийн дунд нэг, орон нутгийн зарим алслагдсан сум, багийн сургуулийн нэг ангид 1-2 сурах бичиг ноогдож байна. Гэтэл энэ хичээлийн жилд БСШУС-ын сайдын багцад сурах бичиг шинээр хэвлэх нэг ч төгрөг төсөвлөөгүй. Гэсэн ч сурах бичгийн хүртээмжийг сайжруулахын тулд салбарынхан дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн боломжтой бүх эх үүсвэрийг  эрэлхийлж,  энэ ажилд ханцуй шамлан ороод байна. Жишээлбэл, өмнө хэрэгжүүлж байсан “Түрээсийн сурах бичиг” төслийг сэргээхээр Азийн хөгжлийн банкинд санал тавиад байгаа юм.

 АЛЬ Ч САЛБАРАА БОДЛОГЫН ГАДНА ҮЛДЭЭХГҮЙ

Манай улсын хувьд шинжлэх ухааны салбар нийгэм, соёлын үзэгдэл төдий байсаар ирсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх шинжлэх ухааны салбарын зардлын хэмжээгээр Ази тивийн дунджаас арав, Америк тивийнхээс 12 дахин бага байгаа нь энэ салбарыг яамны бодлогын төвшинд анхаарах зайлшгүй шаардлагатайг  харуулж байна. Сүүлийн гурван жилд шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалт дорвитой хийгээгүйгээс төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагуудын байр байгууламж болон тэнд ашигладаг тоног төхөөрөмж хуучирч, шаардлага хангахгүй болжээ. Тиймээс Шинжлэх ухааны академийн нэгдсэн байрны өргөтгөлийн ажлыг эхлүүлэхээ мэдэгдсэн. Мөн спортын салбараа ч орхигдуулаагүй юм. Тухайлбал, “Токио 2020” олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны ажлыг эрчимжүүлэх, тамирчдыг олон улсын тэмцээн болон хамтарсан бэлтгэлд оролцоход дэмжлэг үзүүлэх нь энэ салбарын чухал зорилт. Мөн ирэх онд манай улсад зохион байгуулах “Азийн хүүхдүүд-2020” олон улсын спортын наадмын бэлтгэл ажлыг хангаж, шаардлагатай барилга байгууламжийг барихаар болсон.

ДАРААХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД АЖИЛЛАХАА МЭДЭГДСЭН

БСШУС-ын 3218 байгууллагад 105291 албан хаагч ажиллаж буй нь Монгол Улсын төрийн албан хаагчдын 54.7 хувийг эзэлж байна.  Нөгөөтэйгүүр, нийт хүн амын 32.5 хувь нь цэцэрлэг, бага, дунд сургууль, дээд боловсрол эзэмших үйлчилгээнд хамрагдаж байгаагаас гадна давхардсан тоогоор зургаан сая орчим хүн соёл, урлаг, шинжлэх ухаан, спортын салбараар үйлчлүүлдэг байна. Энэ нь уг салбарын үйлчилгээ ямар чухал, үүрэг, хариуцлагатай болохыг харуулж буй.  Иймд БСШУСЯ-наас энэ оныг “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгон зарлаж, гурван зорилт дэвшүүлснээ мэдэгдсэн. Тухайлбал, юуны түрүүнд салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг эрчимжүүлэхээр болсон. Одоогийн байдлаар дөрвөн салбарын хэмжээнд нийт 18 хууль, олон улсын 14 конвенц, УИХ-ын зургаан тогтоол, Ерөнхийлөгчийн 33 зарлиг, Засгийн газрын 132 тогтоол, шийдвэр, сайдын 128 тушаал хүчин төгөлдөр мөрдөж байна. Үүнийг улам боловсронгуй болгохын тулд 13 хууль, үндэсний есөн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулахын сацуу заримыг нь шинэчлэн батлуулахаа дуулгасан. Хоёрдугаарт, салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг эрчимжүүлэх зорилт дэвшүүлжээ. Маш олон сургууль, цэцэрлэг, соёлын төв, биеийн тамирын зориулалтын байрны барилгын ажил удааширснаар олон мянган хүүхэд төрөөс үзүүлэх үйлчилгээг авч чадахгүй байна.  Иймд эдгээр барилгын гүйцэтгэлийг дуусгах цаг хугацаатай үүрэг өгчээ. Гуравдугаарт,  “Иргэний ёс зүйн боловсролын жил”-ийн хүрээнд салбарын ажлын уялдаа холбоог сайжруулж, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн байна.

Ё.Баатарбилэг сайд энэ эрчээрээ ажиллаж, салбарынхаа тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж, цэгцлэх байх гэж олон нийт найдаж байна. Дээр дурдсан зорилтоо ажил хэрэг болгохоос гадна ерөнхий боловсролын сургуульд хүүхдээ долоон настай элсүүлэх эцэг, эхийн хүсэлтийг харгалзан үзэж, шийдвэрлэхийг үүгээр уламжилъя.

СЭТГҮҮЛЧ С.ЮМСҮРЭН

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН. 2019.04.05 №064

.