Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай бүс нутгийн конвенцийг баталлаа

Монгол Улсын Засгийн газар 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор Ази, Номхон далайн орнуудын дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай бүс нутгийн конвенцийг баталсан. 

ЮНЕСКО 1970, 1980-аад онуудад дээд боловсролын сургалт болон эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх талаар 6 конвенцийг баталсанаас Ази, Номхон далайн орнуудын дээд боловсролын байгууллагуудын сургалт, боловсролын диплом, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай конвенцийг 1983 онд баталсан байдаг юм.
Тус конвенцид Монгол Улс нэгдэн орохоор 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гарын үсэг зурж баталсан. Уг конвенц батлагдсанаас хойших хугацаанд Ази, Номхон далайн бүс нутагт дээд боловсрол олгодог төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд олноор бий болсон, мэдээлэл, харилцаа холбооны технологи үсрэнгүй хөгжсөнөөр нээлттэй болон зайн сургалтууд олширсон, шилжилт хөдөлгөөн болон өөр улсад суралцах явдал ихэссэн зэрэгтэй холбогдуулан конвенцийг шинэчлэн найруулах шаардлага гарсан тул шинэчлэн найруулсан конвенцийг 2011 онд Токио хотноо баталсан билээ. Тус конвенцид бүс нутгийн таван улс нэгдэн орсноор 2018 оны 2 дугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөх болсон.
Манай улсаас олон оюутан суралцдаг Япон, Австрали, Шинэ Зеланд, БНСУ, БНХАУ, Ази, Номхон далайн бусад орнууд Монгол Улсын дээд боловсролын сургалтын хөтөлбөр, диплом, эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх нь тухайн улсад мэргэжил дээшлүүлэх, үргэлжлүүлэн суралцах, эрдмийн зэрэг хамгаалах, ажил хөдөлмөр эрхлэх, шилжилт хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлэх юм.


.