Т.Ууганбаяр: Улсын бодлого тодорхойгүй байгаа учраас Монголд хэрэгцээгүй мэргэжлээр төгсөөд ирдэг хүн ч цөөнгүй

            -Гадаадад сурсан гэдэг нь чанарын баталгаа биш, юу сурсан нь чухал болсон цаг шүү дээ- 

                      Засгийн газар хооронд хэрэгжүүлдэг тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл хаагдмал, хязгаарлагдмал байдгаас оюутан залуус тэр бүр хамрагдаж чадахгүй хоцрох нь бий. Тэгвэл  салбарын сайдын санаачилгаар анх удаа тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийн нэгдсэн сан бүхий scholarship.esis.edu.mn цахим хуудас  нээжээ. Гадаадад суралцах сургалтын тэтгэлгийн мэдээлэл бүх иргэнд нээлттэй болсноор ямар давуу талтай, мөн оюутан, залуус, эцэг, эхчүүд юунд голлож анхаарах ёстойг БСШУСЯ-ны Олон улсын төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Ууганбаяраас тодруулж, ярилцлаа.

            -Сургалтын тэтгэлгийн мэдээллийг нэг дороос авах боломжтой цахим хуудас нээгээд удаагүй байна. Гадаадад тэтгэлгээр суралцахыг сонирхож, зорьж байгаа хүмүүс эндээс ямар мэдээлэл авч болох вэ?   

            -Засгийн газар хоорондын шугамаар хэрэгждэг тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл олон нийтэд тэр бүр нээлттэй биш байна, эсвэл цагийг нь хэт тулгаж зарладаг гэсэн гомдол их гардаг байсан. Хаана ажиллаж, амьдарч буйгаас үл хамааран бүгд эрх тэгш байх ёстой гэдэг үүднээс Ц.Цогзолмаа сайд "Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна" гээд сургалтын тэтгэлгийн scholarship.esis.edu.mn цахим хуудас нээх үүрэг өгсөн юм. Цахим хуудсын гол давуу тал нь Монгол Улсын Засгийн газрын шугамаар хэрэгждэг 24 орны тэтгэлгүүд ямар зорилготой, ямар үндсэн шалгууртай байдаг, хэдийд зарладаг, яаж сонгон шалгаруулдаг, тухайн тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас үзэж болох, хамгийн түгээмэл асуулт, хариултын булан гээд бүхий л зүйлийг цогцоор нь багтаасанд оршино. Дээрээс нь Засгийн газар хоорондын тэтгэлгийн талаарх сүүлийн хэдэн жилийн статистик мэдээлэл оруулсан тул оюутан, залуус, эцэг, эхчүүд тэндээс хараад "Хаана очиж сурвал ямар боломжууд байна вэ. Аль нь санхүүгийн хувьд давуу талтай вэ. Энэ  мэргэжлээр магистр, докторын зэргээ тэнд хамгаалбал ашигтай юм байна" гэдэг тактикаа боловсруулаад, эртнээс бэлдэх боломжтой. Зарим оронд бакалаврын элсэлт авдаггүй.   

            Түүнчлэн Боловсролын зээлийн сангийн мэдээллээс гадна "1000 инженер" зэрэг хөтөлбөрт яаж хамрагдах боломжийн талаар, багш болон оюутан солилцооны тухай мэдээллийг ч эндээс авах боломжтой. Тэтгэлэг болгон өөр өөрийн онцлогтой ч бид цахим хуудсын агуулгаа гаргахдаа  өнгө, зураг, загварыг нь хэрэглэгчдэд энгийн, ойлгомжтой, хялбар байхаар хийсэн. Цаашид цахим хуудсаараа дамжуулан дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага,  хүний хөгжлийн үзүүлэлтүүдийг хүргэхээс гадна олон нийтэд хэрэгтэй төрөл бүрийн  бичлэг оруулахаар төлөвлөсөн.  

            -Манайхаас жилд хэдэн хүн Засгийн газрын тэтгэлгээр гадаадад сурдаг вэ?

            -Олон жилийн дунджаар Засгийн газрын бүрэн тэтгэлгээр жил тутам 1200 орчим хүн гадаадад суралцдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ тоо нэмэгдэн,  1400-д хүрлээ. Зөвхөн БНХАУ-д гэхэд сүүлийн гурван жилд Өвөрмонголтой нийлээд, жил тутам 370 хүн тэтгэлгээр суралцахаар явж байна.  

            -Гадаадад сурвал ямар ч хамаагүй мэргэжлээр, хаашаа ч хамаагүй явах хүсэлтэй залуус олонтоо таардаг. Сэтгэл хөдлөлөөр ингэж шийдэх нь ямар байдаг бол?

            -Гадаадад амжилттай сурахын нэг үндэс нь санхүүгийн бэрхшээлгүй байх явдал. Гэтэл тэтгэлгээ урьдчилан шийдээгүй байж сэтгэлийн хөөрлөөр гадагшаа явдаг тохиолдол манайханд ажиглагддаг. Найз нөхөд, төрөл садан, танилуудаасаа нэг юм дуулангуутаа "Ямар ч хамаагүй аргаар гадаадад сураад ирвэл өндөр цалинтай ажилд орох нь" гээд зуучлалын байгууллагаар дамжуулаад явчихдаг. Очсон хойноо санхүүгийн бэрхшээлтэй тулж, ар гэрийнхнээ өр, зээл авхуулхаас эхлээд хүнд байдалд оруулдаг. Засгийн газрын тэтгэлэг хөөцөлдье гэх нь ээ, одоо сурч байгаа хүнд олгодоггүй журамтай. Боловсролын зээлийн сангаас зээл авъя гэсэн ч заавал буцаж ирж, сонгон шалгаруулалтын ярилцлагад орох ёстой гээд хүндрэл их. Жишээ нь, уржигдар надтай нэг эмээ ирж уулзаад, "Америкийн ахлах сургуульд ач хүүгээ өр зээл тавиад явуулчихсан чинь одоо тун хэцүү байдалд орчихлоо. Яаж Боловсролын зээлийн сангаас зээл авах вэ" гээд аргаа барчихсан явна. Тэр эмээд би одоогийн нөхцөл байдалд яавал зохих вэ гэдэг аргыг нь зааж өгөөд явуулсан.

            -Ямар арга гэдгийг сонирхож болох уу?

            -Ач хүү нь нэгэнт Америк явчихсан, ахлах сургуульд сурдаг учраас нэг л гарц байгаа. Америктай манайх Засгийн газар хоорондын тэтгэлэг хэрэгжүүлдэг ч тэр нь бакалаварт бус, магистр, докторын түвшинд хамаатай. Тиймээс Америктай ч, Монголтой ч ойрхон аль нэг улсыг сонгоё гэвэл, жишээ нь БНСУ-д ач хүүгээ бакалаврт 100 хувийн тэтгэлгээр сургах боломжтойг зөвлөсөн. Солонгосын дээд боловсролыг Америкт их өндрөөр үнэлдэг. Тухайлбал, MIT жилд 100 гаруй хүнд тэтгэлэг олгодог бөгөөд нэг улсад нэг квот өгдөг хэрнээ Өмнөд Солонгост л дөрвийг зөвшөөрдөг. "Ач хүү тань БНСУ-ын бакалаврын хөтөлбөрийн тэтгэлэгт тэнцвэл эхний удаагийн онгоцны зардлыг нь даахаас эхлээд сургалтын төлбөр, ном хэрэгсэл, амьжиргааны зардал ч хүрэлцэхүйц өгдөг. Энэ мэтээр бүрэн тэтгэлэгтэй  ямар улс орнууд байгаа, аль нь ямар давуу талтайг та манай цахим хуудсаас мэдэх боломжтой" гэж зөвлөсөн.   

            Заавал Америк гэлгүй, тэднийхтэй дүйцэхүйц чанартай боловсролтой Япон, Өмнөд Солонгос, Хятад, Тайвань, Герман зэрэг оронд үр хүүхдээ сургах боломж, давуу тал их гэдгийг манайхан тэр бүр мэддэггүй. Америкийн багш нарын нэлээд хувь нь тэдгээр оронд магистр, докторын зэрэг хамгаалсан байдаг. Тэр байтугай, MIT, Харвардын их сургуулийнхан "Бид дэлхийд ганцаараа шилдэг байхаа больжээ. Дээд боловсролын зарим салбарт биднээс түрүүлээд явчихсан орнууд ч байна. Тиймээс эдгээр оронтой хамтран, нэг нэгнээсээ суралцах ёстой" гэдэг байр сууриа байнга илэрхийлэх болсон. Тэгэхээр монголчууд бид үр хүүхдээ гадаадад сургахдаа сэтгэлийн хөөрлөөр шийдэх бус, өнгөрсөн зууны мэдээллээр дүгнэх биш, өнөөгийн нөхцөл байдлыг сайтар судалж, сонголт хийх ёстой.

            -Монгол Улсын тэргүүлэх чиглэлийн мэргэжлүүд гэсэн жагсаалт байдаг. Засгийн газрын тэтгэлгээр гадаадад суралцуулахдаа тэдгээр 20 мэргэжлийн дагуу боловсон хүчнээ бэлтгэж чаддаг болов уу?

            -Энэ маш чухал асуудал. Гэхдээ юуны түрүүнд Монгол Улс тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтаа шинэчлэх шаардлагатай болсон гэдгийг хэлье.  Зарим нь ойрын 10 жилд устаж үгүй болох мэргэжлийн жагсаалтад орчихсон яваа тул цаг үеийнхээ шаардлагад нийцүүлэн үүнийг шинэчлэх ёстой. Хөдөлмөрийн зах зээлээ судлахдаа ч зөвхөн Монголын нөхцөл байдлыг харах биш, дэлхийн өрсөлдөөнтэй уялдуулах хэрэгтэй. Даяаршлын нөлөөгөөр Монгол одоо далайд гарцгүй орон биш болсон. Хөдөлмөрийн зах зээлийн дэлхийн өрсөлдөөн манайд хэдийн ороод ирлээ. Монголын ажил олгогч нар ч дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай боловсон хүчин шаарддаг боллоо.

            Технологи хурдтай шинэчлэгдэж байгааг дагаад, их, дээд сургуулиас олж авсан боловсрол, мэдлэг өнөөдөр 4-10 жилийн л настай болсон. Өөрөөр хэлбэл, уян боловсролтой буюу ерөнхий эрдэм мэдлэг, суурь боловсролоо сайн эзэмшсэн, цаашид ямар ч нөхцөл байдалд дасан зохицож, өөрийгөө хөгжүүлэх, хөрвөх  чадвартай хүмүүс ирээдүйд улам эрэлттэй болно гэсэн үг. Өдгөө зөвхөн нэг мэргэжлээр дагнан суралцах нь хөдөлмөрийн зах зээлд тийм ч эрэлттэй биш учраас салбар дундын мэргэжил эзэмших шаардлага дэлхий нийтийн залуусын өмнө тулгарч байна. Тиймээс манай улс ч гэсэн цаашид ямар салбарыг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх вэ гэдгээ дахин шинээр тодорхойлоод, үүнд хэрэгтэй боловсон хүчнээ бэлтгэх нь чухал. Засгийн газар хоорондын тэтгэлгээ ч үүнд чиглүүлж, "Монгол Улсад өнөөдөр ийм чиглэлээр боловсон хүчин нэн хэрэгтэй байгаа тул тэтгэлгээ энэ салбар руу хандуулж өгнө үү" гэдэг хүсэлтээ нөгөө орнууддаа тавьдаг болох учиртай.

            Нэг сайхан мэдээ дуулгахад, өнгөрсөн арваннэгдүгээр сард Ц.Цогзолмаа сайд ОХУ-д айлчлах үеэрээ энэ талаар түүхэн алхам хийсэн. Засгийн газрын тэтгэлгээр хойд хөршид жил бүр 500 хүн суралцдагийг Монголд жинхэнэ хэрэгцээ шаардлагатай байгаа салбарт нь чиглүүлэхээр ярилцан тохиролцсон. 2018-2021 он хүртэл Шинжлэх ухаан, дээд боловсролын салбарт талууд хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрөө баталснаар бид улсдаа хэрэгтэй боловсон хүчнийг Засгийн газрын тэтгэлгээр бэлтгүүлэх давуу эрхээ олж авсан юм. Саяхныг болтол манай улс тухайн Засгийн газрын цаанаас нь зааж өгсөн салбар, чиглэлээр л хүмүүсээ сургадаг байлаа шүү дээ.

            -Салбар дундын мэргэжил гэдэг тодорхойлолтоо илүү тодруулж өгөөч?

            -Олон жилийн өмнөх шиг механик инженер гэдэг ч юм уу, дан ганц мэргэжил эзэмшээд хол явахаа байсан. Механик аж үйлдвэрийн салбар өнгөрсөн зуунд их эрэлттэй байсан. Гэвч одоо автомашин гэхэд л компьютер, програмчлал, автоматжуулалт гээд олон талын хамааралтай болсон тул зөвхөн инженерийн сургалтын хөтөлбөрөөр энэ бүх мэдлэгийг олгох боломжгүй. Салбар дундын мэргэжлийн хөтөлбөрөөр л үүнийг олгоно. Жишээ нь, материал судлал гэж инженерийн том салбар байна. Байгалийн шинжлэх ухаан буюу хими, физик, математикийн мэдлэгээс гадна хэрэглээ болгохын тулд инженерийн боловсрол хэрэгтэй. Дээрээс нь дизайнаа өөрөө гаргах мэдрэмжтэй, хэрэглэх зураглал ба зах зээлийн баримжаатай судалгаа тооцоо хийх чадвартай байх ёстой. Энэ бүхэн нь мэргэжил гэдэг олон салбарт хамаатай, салбар дундын мэдлэгт суурилж буйн тод жишээ. Хүрээлэн буй орчны менежмент гэхэд л инженерийн, экологийн, эрсдэлийн менежментийн, бодлого төлөвлөлтийн боловсролтой байхыг хүнээс шаардах болсон. Сурган хүмүүжүүлэх салбар гэхээр зөвхөн заах арга зүйг ярих бус, хүний уураг тархины хөгжлийг судалдаг, ямар үедээ аливаа юмыг хамгийн сайн хүлээж авдаг, хөгшрөөд ирэх үед нь яавал энэ чадварыг алдагдуулахгүй байх вэ гэх мэт олон талын мэдлэг боловсрол, ур чадвар хэрэгтэй. Тогооч зөвхөн хоол  хийх бус, салбарынхаа интерпренер ч болж болно. Энэ мэтээр байгалийн болон нийгмийн ухааны мэдлэг боловсролыг цогцоор нь эзэмшсэн, уян чадвартай хүмүүс аль ч салбарт хөрвөж ажиллах боломжтой. Тиймээс дэлхий дахинд өнөөгийн насан туршийн боловсролын бодлого ч үүнд чиглэдэг. Насан туршийн боловсрол гэдэг нийгмийн бүх давхаргынханд хамаатай асуудал байтал манайд харамсалтай нь үүнийг бичиг үсэг мэдэхгүй хүмүүст л хамаатуулдаг. 

            -Гадаадад тэтгэлгээр сургасан хүмүүсээ манай улс хэр зэрэг ашиглаж, үр өгөөжийг нь хэрхэн хүртэж байна вэ гэдэг асуудал маш чухал. Энэ талаар ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

            -Гадаадад суралцах, суралцуулах үйл явцыг одоо бид өргөн цар хүрээтэй авч үзэх шаардлагатай болсон. Наад зах нь дээд боловсрол эзэмшсэн хүнийг  "Энэ хүн мэргэжлээрээ ажиллаж байна уу, үгүй юү" гэдгээр нь хэмжих бус, нийгэмд хэр зэрэг үр бүтээлтэй ажиллаж байна вэ гэдгийг голлодог болсон. Нөгөөтээгүүр, гадаадад магистр, докторын зэрэг хамгаалаад ирсэн хүмүүсийг хөдөлмөрийн зах зээлийн эргэлтэд оруулахын тулд хүний нөөцийн бодлогоо эргэн харж, өөрчлөх шаардлагатай байна. Тухайлбал, манай их, дээд сургуулиудын судлаач, эрдэмтэн багш нарын 99.9 хувь нь үндсэн ажилтан байдаг. Гэтэл дэлхий нийтийн чиг хандлагад шилдэг их, дээд сургуулиудын багш нарын 30 хувь нь л үндсэн ажилтан, бусад нь 1-3 жилийн гэрээгээр ажилладаг. Тэгснээрээ тухайн сургуулийн, тэр салбарын "цусны эргэлт" сайжирч, боловсролын чанар нь ч байнга ахидаг. Манайд болохоор гай ч тарьдаггүй, гавьяа ч байгуулдаггүй хүмүүс урдах хичээлээ заагаад, өдөр хоногийг аргацаах маягтай өнгөрүүлдэг. Энэ мэтээр гадаадад мэргэжил дээшлүүлээд ирсэн чанартай, сайн боловсон хүчнээ зах зээлд шингээхийн тулд хаана хаанаа цогц бодлогоор анхаарах зүйл бишгүй. Тиймээс манай газраас технологи, инновацын эрин зуунд монголчууд хүний нөөцийн ямар бодлого баримтлах вэ гэдэг суурь судалгаа хийж байна. Мөн бодлогын бичиг баримтын удирдамж, гарын авлага боловсруулах төлөвлөгөөтэй. Нуулгүй хэлэхэд, улсын бодлого тодорхойгүй учраас Монголд хэрэгцээгүй мэргэжлээр гадаадад төгсөөд ирдэг хүмүүс ч цөөнгүй.    

            -Сүүлийн жилүүдэд Хятадын Засгийн газрын тэтгэлэг рүү манайхан их хошуурах болсон. Гэхдээ ярилцлагад орж байгаа залуусын олонх нь зорилгоо тодорхойлоогүй байгааг албаныхан гайхан ярьдаг. Гадаадад тэтгэлгээр суралцах нь сайхан ч гэсэн мэргэжлээ зөв сонгож, зорилгоо тодорхойлоогүй тохиолдолд цаг үрсэн, үр ашиггүй хөрөнгө оруулалт болж таарна биз дээ?

            -Таны хэлдэг үнэн. Гадаадад сурахад учир бий. Өндөр төлбөртэй сургууль болгон чанартай юу гэвэл өрөөсгөл. Хөрөнгө мөнгө ч бай, цаг хугацаа ч бай, хүний зарцуулсан хөрөнгө оруулалт үр ашигтай байх ёстой. Эргээд түүнийхээ үр шимийг хүртэж, боломжийн сайхан амьдарч чадах уу гэдгээ бодолцох учиртай юм. Гадаадад сурахаар төлөвлөж буй хүмүүс юуны түрүүнд зах зээлийн баримжаатай шийдвэр гаргах нь чухал. Тухайлбал, "Ирээдүйд ямар ур чадвартай, ямар мэдлэгтэй хүн үнэлэгдэх вэ. Би одоо хаана байгаа билээ. Ирээдүйд хаана очиж, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх вэ" гэж өөрөөсөө асуугаарай гэж зөвлөх дуртай. Америкаас илүү Хятад, Япон, Өмнөд Солонгос манайхтай бүх талын хамтын ажиллагаа сайтай учраас эдгээр оронд боловсрол эзэмшвэл ажлын байр илүү олдох нь ойлгомжтой. Ойрхон учраас янз бүрийн бизнесийн санаагаа хэрэгжүүлэх боломж ч их. 

            Дэлхийн эдийн засаг, боловсролд Хятадын нөлөө эрчимтэй өсөж байгаа учраас зөвхөн монголчууд гэлтгүй, Европын орнуудаас ч олон хүн тэнд сурахыг эрмэлздэг болсон. Уламжлал, шинэчлэлийн огтлолцол дээр тулгуурлан, боловсролын салбарт өөрсдийн гэсэн онцлогтой, чанартай брэндийг маш хурдан бий болгож чадаж байна. Гэхдээ бас Хятадыг сонгохдоо ямар чиглэлээр сурвал надад болоод манай улсад эрэлт хэрэгцээтэй вэ гэдгийг бас бодолцох учиртай. Гадаадад, аль сургуульд боловсрол эзэмшсэн бэ гэдэг нь баталгаа биш, юу сурсан нь чухал болсон цаг шүү.

            -Хүмүүст мэдээлэл дутмаг байдгаас болоод зарим тэтгэлэг буцах тохиолдол гардаг уу?

            -Манайхан томоохон улсуудын тэтгэлгийг л шүүгээд, хөөцөлдөөд байдаг. Тухайлбал, Вьетнам, Энэтхэг, Болгар зэрэг зарим орны тэтгэлгийг хүмүүс  анзаарахгүй, буцаах тохиолдол бий. Хорватын тэтгэлэгт бүр нэг ч хүн материал өгөөгүй удаа байна. Уг нь Хорватын боловсролын салбар дэлхийд боломжийн түвшинд үнэлэгддэг. Болгарын дээд боловсрол сайн учраас Франц, Германд өөрсдийнхөө чадварлаг мэргэжилтнүүдийг алдаад байдаг. Нөгөөтээгүүр, мэдээлэлд ойр байдаг хүмүүс хэд хэдэн улсын тэтгэлэгт давхардуулж материал өгөөд, аль нэгийг нь сонгоод явчихаар нөгөөх нь үлдчихдэг. Тиймээс манайхан мэдээллийг зөв эх сурвалжаас аваад, түүндээ анализ хийсний үндсэн дээр шийдвэрээ гаргаж байгаасай. 

Эх сурвалж: Өнөөдөр сонин 

.