Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийг өнөөдөр Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Ерөнхийлөгчийн зарлигт “Мал аж ахуй, ургамал хамгаалал, газар тариалан, мал эмнэлэг, нийгэм, эдийн засгийн чиглэлийн дээд боловсролтой мэргэжилтнүүдийг тасралтгүй бэлтгэж, тус салбаруудыг системтэй, үр өгөөжтэй хөгжүүлэх боломжоор хангаж, сургалт судалгааг хослуулан Монгол Улсын хөдөө, аж ахуйн хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан сургуулийн үе үеийн ажилтан албан хаагч, багш эрдэмтдийн хичээл зүтгэлийг үнэлж Хөдөө, аж ахуйн их сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ. Зарлигийг уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг сургуулийн туганд хүндэтгэлтэйгээр зүүн өгч, батламж гардууллаа. Мөн тус сургуулийн эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгч, оюутан суралцагч, ажилчдад баяр хүргэж үг хэллээ.

   60 жилийн тэртээ 1958 онд гурван факультет, 13 тэнхим, 40 өөд багш, гурван мэргэжлээр 500 оюутан элсүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн Хөдөө аж ахуйн их сургууль өнөөдөр 6 бүрэлдэхүүн сургууль, 5 судалгааны төв, 29 тэнхим, 129 сургалт, судалгааны лаборатори, харьяа 4 эрдэм шинжилгээний хүрээлэн, нийт 413 багш, 274 эрдэм шинжилгээний ажилтан, бакалавр, магистр, докторын нийт 9379 оюутан бүхий эрдэм шинжилгээ сургалт-үйлдвэрлэл хосолсон үндэсний их сургууль болжээ.

   ХААИС-д “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” гардуулах ёслолын ажиллагааны үеэр Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Мал эмнэлгийн сургуулийн багш С.Бүрэнжаргал,  Алтан гадас одонгоор Мал эмнэлгийн сургуулийн багш С.Ганбат, Агроэкологийн сургуулийн багш Н.Цэрэнтогтох, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүх, Хөдөлмөрийн хүндэт медалиар Инженер технологийн сургуулийн багш О.Амартүвшин, Хэвлэл үйлдвэрийн эрхлэгч С.Эрдэнэхүү, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр  Санхүү бүртгэлийн хэлтсийн нярав Г.Ичинхорлоо, Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр Автогражийн жижүүр Ш.Ганбаатар нарыг шагналаа.  Шагналыг ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан,  Монгол Улсын Ерөнхий Сайдын ажлын албаны дарга, ахлах зөвлөх, ХААИС-ийн Удирдах Зөвлөлийн дарга Б.Энх-Амгалан нар гардуулан өглөө.


.