Японы боловсрол судлаач Профессор Оги Наоки зочиллоо

   Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан өнөөдөр Японы боловсрол судлаач профессор Оги Наокийг хүлээн авч уулзлаа. Профессор Оги Наоки нь дунд сургуульд 22, их сургуульд 22 жил багшилсан 200 гаруй ном бичсэн Япон улсдаа боловсролын чиглэлээр тэргүүлэх судлаачдын нэгт зүй ёсоор тооцогддог байна.

     Тэрээр манай улсад ирсэн даруйдаа ерөнхий боловсролын сургууль, оюутны дотуур байр зэргээр зочилжээ. “Монголын сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг, цалин хөлс бага, хүнд нөхцөлд багш нар шантралгүй ажиллаж байгаа нь сэтгэгдэл төрүүллээ” хэмээн уулзалтын эхэнд ноён Оги Наоки онцолсон юм.

    Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Таны хэлсэнчлэн нэг ээлжтэй байвал хүүхэд сургууль дээрээ хөгжих боломж илүү бүрдэнэ. Бид ирэх хичээлийн жил гэхэд гурван ээлжээр хичээллэдэг байдлыг үгүй хийнэ. Боловсролын салбарын төсөв хасагдаагүй, ирэх онд 172  сургууль, цэцэрлэг баригдахаар нөхцөл байдал өөр болно” гэлээ.   

    Профессор Оги Наоки нь хүүхдийн ялгаварлан гадуурхлын талаар онцлон судалж байгаа юм. Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан энэ асуудалд онцгой анхаардгийн хувьд дээрх сэдвээр харилцан санал солилцлоо.

   Манай улсад өсвөр насны хүүхдүүдийн дунд гадуурхал цахим орчинд явагддаг болохыг “Цахим гадуурхал цаашаа” аяны үеэр мэдсэн. Үүний дараа “Unfriend” аяныг өрнөж байна. Хэрэв Япон улсад сайн туршлага байдаг бол бид хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ Төрийн нарийн бичгийн дарга илэрхийлсэн юм.  

   Японд гадуурхалд өртдөг хүүхдийн тоо жилд 32000-д хүрдэг. Цахим орчин буюу интернетээс хамааралтай хүүхдийн тоо 900 гаруй мянгад хүрдэг байна. 2015 онд “Гадуурхлын эсрэг хууль” баталсан ч орчин нөхцөл өөрчлөгдөхийн хэрээр хуулийг дахин боловсронгуй болгох шаардлага тулгарч, шинэчлэн найруулах ажил эхэлжээ. Япончууд хүүхэд гадуурхагдаж байна уу гэдэгт биш гадуурхагдсан хүүхэд юу мэдэрч болох вэ гэдэг ойлголтыг нийгэмд түгээхийг зорьж, харах өнцгөө өөрчилжээ. Харин ДЭМБ-аас өвчинд тооцсон цахим донтолтын тухайд тухайн хүүхэд өөрөө зайлсхийхэд хэцүү учраас сургууль, орон нутгийн удирдлага, улсаас бодлогоор арга хэмжээ авах нь илүү үр дүнтэй гэж үзэж буйгаа хуваалцлаа.

  Цахим донтолт, цахим гадуурхал, хөгжиж буй улсаас илүүтэй хөгжингүй орнуудад тулгарч байна. АНУ гэхэд “дахин нэг бодож үзээч” гэх уриатай хөдөлгөөн өрнүүлснээр цахим гадуурхлыг 90 хувь бууруулсан туршлага байдаг байна. 

.