Дэд сайд Г.Ганбаяр Сөүл хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

      Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын дэд дарга ноён Ким Вончан болон түүнийг дагалдан яваа албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд дэд сайд Г.Ганбаяр “Манай улсын гуравдагч хөрш бол БНСУ юм. Тэр дундаа Улаанбаатар, Сөүл хотын боловсролын салбарын хамтын ажиллагаа идэвхжиж байгаад талархалтай байна” хэмээн онцоллоо.

      БСШУСЯ 2012 оноос хойш  БНСУ-тай хамтран “Монгол-Солонгос багш солилцооны хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. БСШУСЯ-ны зүгээс багш нарыг чадавхжуулах, хөгжүүлэх бодлогод түлхүү анхаарч байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрөө өргөжүүлж, Солонгос улсад суралцах багш нарын тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлсэн юм. Мөн багш солилцооноос гадна сурагч солилцоог бий болгох, хоёр орны хүүхэд, сурагчдын дунд соёл, урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулах, сурагчдад мэдээлэл технологийн суурь мэдлэгийг өндөр түвшинд өгөх зорилтын хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

      Ноён Ким Вончан, “Солонгос улсад боловсролын салбарын багш, мэргэжилтнүүдийг сургах өргөн боломж бий. Улаанбаатар, Сөүл хотуудын боловсролын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээс  гадна сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана” гэлээ. 

.