ТҮҮХ, СОЁЛЫН ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ

Т А Н И Л Ц У У Л Г А

“Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг

хилээр нэвтрүүлэх журам”-ын тухай

Улсын Их Хурлын 2014 оны хаврын чуулганаар батлагдсан “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн 52 дугаар зүйлийн 52.2-т Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх журмыг соёлын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар заасан билээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам дээрх хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор өмнө нь хэрэгжиж байсан дүрэм журмыг хуулийн үзэл баримтлал, зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн шинэчлэх, шинээр боловсруулах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх журам”-ын төслийг шинэчлэн боловсруулаад байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2002 оны “Жагсаалт, журам шинэчлэн батлах тухай” 219 дүгээр тогтоолоор батлагдсан “Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам”-д нийцүүлэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 223 дугаар тушаалаар баталсан “Түүх, соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхэд лиценз олгох журам” нь түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэлээс үл харгалзан холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан шинжтэй байсан. Шинэчлэн боловсруулсан журмын төслийг олон улсын гэрээ хэлэлцээр, холбогдох конвенциуд болон сүүлийн жилүүдэд шинээр батлагдсан үндэсний хууль тогтоомжтой уялдуулан боловсрууллаа. Ялангуяа өнгөрсөн хугацаанд түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэхэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өмнө тулгарч байсан хүндрэл бэрхшээлийг хөнгөвчлөх, зохицуулалтын давхардал хийдлийг арилгах, төрийн үйлчилгээг хялбар болгох талаар тусгайлан анхаарсан болно. Төсөлд журмын үйлчлэх хүрээ, журамд хэрэглэх нэр томъёог шинээр тодорхойлж, дурсгалт зүйл, судалгааны дээжийг хилээр нэвтрүүлэхэд зөвшөөрөл хүсэх, түүнийг хянан шийдвэрлэх, олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах, хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг нарийвчлан тусгаж, зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг тодорхой болгосон.

Журам батлагдсанаар хил, гааль, хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн хувьд нэмэлт ачаалал учрахгүй бөгөөд түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаа илүү ойлгомжтой, хүндрэл багатай болж, оролцогч талуудын хамтын ажиллагаа сайжрах юм. 


БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

Төсөл

ТҮҮХ, СОЁЛЫН ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ

ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь түүх, соёлын үнэт дурсгалт зүйл болон бусад түүх, соёлын дурсгалт зүйл /цаашид “дурсгалт зүйл” гэх/-ийг улсын хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авахаар хүсэлт гаргах, хүсэлтийг хянан шийдвэрлэх, зөвшөөрөл олгох, зөвшөөрлийн хэрэгжилтэд хяналт тавихад энэхүү журмыг мөрдөнө.

1.3. Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын болон гадаадын байгууллага, байнга оршин суугаа гадаадын иргэн энэ журмыг нэгэн адил мөрдөнө.

1.4. Палеонтологи, археологийн судалгааны дээж /цаашид “судалгааны дээж” гэх/-ийг улсын хилээр нэвтрүүлэхэд лиценз олгох асуудлыг энэ журмаар зохицуулна. Судалгааны дээжийг хилээр нэвтрүүлэх лицензийг Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан эрдэм шинжилгээний байгууллагад олгоно.

1.5. Зохих зөвшөөрлийн дагуу дурсгалт зүйлийг 1:1 болон бусад хэмжээгээр хувилан олшруулсан хуулбар эхийг улсын хилээр нэвтрүүлэхэд энэ журмыг мөрдөхгүй.  

1.6. Дараах шаардлагыг хангасан дурсгалт зүйл болон судалгааны дээжийг улсын хилээр нэвтрүүлнэ:

1.6.1. гэмт хэрэг, зөрчлийн нотлох баримтад тооцогдоогүй байх;

1.6.2. даатгуулсан байх; 

1.6.3. өмчлөлийн маргаангүй байх.

1.7. Зөвшөөрөл олгогч нь лицензийг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсгийн баталгааг Гаалийн Ерөнхий газарт хүргүүлнэ. 

Хоёр. Зөвшөөрөл авах хүсэлт гаргах

2.1. Дурсгалт зүйл болон судалгааны дээжийг улсын хилээр нэвтрүүлэхийг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага /цаашид “зөвшөөрөл хүсэгч” гэх/ дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “зөвшөөрөл олгогч” гэх/-д бичгээр хүсэлт гаргана:

2.1.1. зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

2.1.2. дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зорилго, ач холбогдол, хугацаа, тээвэрлэлт болон хадгалалт, хамгаалалтын нөхцөл, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгасан үндэслэл бүхий танилцуулга;

2.1.3. дурсгалт зүйл нь соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдсэн талаарх лавлагаа;

2.1.4. дурсгалт зүйл, судалгааны дээжийн нэр, тодорхойлолт, тоо ширхэг, хэмжээ, жин зэрэг шаардлагатай мэдээллийг багтаасан жагсаалт;

2.1.5. өмчлөгч өөрөө язгуур зориулалтаар нь ашиглахаас бусад тохиолдолд дурсгалт зүйлийг сэргээн засварлах, үзэсгэлэнд оролцуулах, судалгааны дээжийг судалж шинжлүүлэх талаар гадаадын байгууллагатай байгуулсан хүчин төгөлдөр гэрээний хуулбар;

2.1.6. дурсгалт зүйл болон судалгааны дээжийн 10х15 хэмжээтэй 2-оос доошгүй хувь өнгөт гэрэл зураг;

2.1.7. дурсгалт зүйл, судалгааны дээжийг даатгуулсан баримт;

2.1.8. зөвшөөрөл олгогчийн зүгээс шаардсан бусад баримт.

2.2. Зөвшөөрөл хүсэгч дурсгалт зүйл болон судалгааны дээжийг улсын хилээр нэвтрүүлэх бол энэхүү журмын 2.1.3-2.1.6-д заасан баримт бичгийг тус бүрээр бүрдүүлнэ.   

2.3. Зөвшөөрөл хүсэгч нь бусад аж ахуйн нэгж байгууллага, иргэний эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй дурсгалт зүйл болон судалгааны дээжийг хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл хүсэх тохиолдолд эзэмшигч, өмчлөгчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулна. Гэрээнд дурсгалт зүйл, судалгааны дээжийн нэр, тоо ширхэг, хэмжээ, жин, төлбөрийн эрх, үүрэг, хилээр нэвтрүүлэх нөхцөл зэргийг тодорхой тусгана.    

2.4. Зөвшөөрөл хүсэгч нь бүрдүүлсэн баримтынхаа үнэн зөвийг өөрөө хариуцна.

Гурав. Хүсэлтийг хянан шийдвэрлэх

3.1. Зөвшөөрөл олгогч энэхүү журмын 2.1-д заасан хүсэлтийг хүлээн авч, баримт бичгийн бүрдэлийг хянаж, шаардлагатай гэж үзсэн нэмэлт мэдээлэл, баримт бичгийг зөвшөөрөл хүсэгчээс гаргуулан авах, эрх бүхий байгууллагаар баримт бичгийг нягтлан шалгуулна.

3.2. Зөвшөөрөл олгогч дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх үндэслэл, хэрэгцээ шаардлага, ач холбогдол болон гадаад улсад байх хугацааны тээвэрлэлт, ашиглалт, хадгалалт, хамгаалалтын нөхцөл, аюулгүй байдлын талаар нарийвчлан судална.

3.3. Зөвшөөрөл олгогч дараахь үндэслэлээр зөвшөөрөл хүсэгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж, холбогдох тайлбарын хамт буцаана:

3.3.1. энэхүү журмын 2.1-д заасан баримт бичгийн бүрдэл дутуу, эсхүл хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон;

3.3.2. дурсгалт зүйл болон судалгааны дээж энэхүү журмын 1.6-д заасан шаардлагыг хангаагүй байх;

3.3.3. дурсгалт зүйл болон судалгааны дээжийг гадаадад байх хугацааны тээвэрлэлт, хадгалалт, хамгаалалтын нөхцөл нь түүний аюулгүй байдлыг хангах боломжгүй, эсхүл хохирол учирч болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

3.4. Зөвшөөрөл олгогч энэхүү журмын 3.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй бол зөвшөөрөл хүсэгчээс Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор батлагдсан “Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам”-д заасны дагуу “экспорт импортын лиценз олгох өргөдөл /MNS 5022:2001 стандартын "Е" хавсралт/” гаргуулж авна.

3.5. Зөвшөөрөл хүсэгч олон тоотой дурсгалт зүйл, судалгааны дээжийг Зөвшөөрөл олгогчоос өгсөн зөвлөмжийн дагуу гарал үүсэл, зориулалт, материал, сав баглаа боодол зэргийг харгалзан төрөлжүүлж, тус бүрээр “экспорт импортын лиценз олгох өргөдөл” гаргана.

3.6. Зөвшөөрөл хүсэгч “экспорт импортын лиценз олгох өргөдөл”-ийг монгол хэлээр үйлдэж, англи хэлээрх орчуулгыг хавсаргана.  

3.7. Зөвшөөрөл хүсэгч Улсын тэмдэгтийн тухай хуулийн 22.1.12-т заасны дагуу лицензийн төлбөрийг Улаанбаатар хотын банк дахь Сүхбаатар дүүргийн татварын хэлтэсийн 2611192214 тоот дансанд тушааж баримтыг Төрийн захиргааны төв байгууллагад өгнө. Төлбөр нь дурсгалт зүйлийн хувьд 50.000 төгрөг, судалгааны дээжийн хувьд 20.000 төгрөг байна.    

Дөрөв. Лиценз олгох

4.1. Зөвшөөрөл олгогч энэхүү журмын 3.4-т заасан өргөдлийн бичвэрийг хянан үзэж, шаардлагатай бол засвар оруулахаар зөвшөөрөл хүсэгчид буцааж болно.

4.2. Зөвшөөрөл олгогч “экспорт импортын лиценз олгох өргөдөл”-ийн бичвэр шаардлага хангасан гэж үзвэл түүнд соёлын асуудал хариуцсан нэгжийн дарга гарын үзэг зурна. 

4.3. Зөвшөөрөл олгогч Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор батлагдсан “Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам”-д заасны дагуу лицензийн эх хувь, хуулбар хувь /MNS 5022:2001 стандартын "D" хавсралт/-ийг тус бүр нэг хувь монгол хэлээр үйлдэнэ. Лицензийн эх хувь, хуулбар хувьд Төрийн захиргааны төв байгууллагын соёлын асуудал хариуцсан нэгжийн дарга гарын үзэг зурж, яамны тэмдэг дарж баталгаажуулна.

4.4. Зөвшөөрөл олгогч лицензийн эх хувийг зөвшөөрөл хүсэгчид өгч, хуулбар хувийг энэхүү журмын 2.1 болон 4.2-т заасан баримт бичгийн хамт Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд хадгалуулна. Эх хувьд яамны тэмдэг дарж баталгаажуулсан гэрэл зураг болон англи хэлээр үйлдсэн орчуулгыг хавсаргана.  

4.5. Зөвшөөрөл олгогч олон тоотой дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх лиценз олгосон бол энэ тухай мэдээллийг Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан дурсгалт зүйлийг илгээх улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэнэ.

4.6. Зөвшөөрөл олгогч шаардлагатай бол дурсгалт зүйлийг гадаад улсад байх хугацааны хадгалалт, хамгаалалтын нөхцөл, аюулгүй байдлыг найдвартай хангасан эсэхийг газар дээр нь очиж нягтлан шалгаж болно.

4.7. Лицензийг дурсгалт зүйл болон судалгааны дээжийг улсын хилээр нэвтрүүлэхэд нэг удаа ашиглана.

4.8. Лиценз нь дурсгалт зүйлийн хувьд эргүүлэн авчрах нөхцөлтэй, судалгааны дээжийн хувьд эргүүлэн авчрах болон эргүүлэн авчрахгүй нөхцөлтэй байна.

4.9. Лиценз нь олгогдсон өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд хүчинтэй байх бөгөөд энэ хугацаанд дурсгалт зүйл, судалгааны дээжийг хилээр нэвтрүүлээгүй бол зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцно.

4.10. Зөвшөөрөл олгогч нь дурсгалт зүйл, судалгааны дээжийг хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон, түүний хугацааг сунгасан тухай мэдээллийг тухай бүр Гаалийн болон Мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ.

Тав. Лиценз эзэмшигчийн үүрэг

5.1. Лиценз эзэмшигч дор дурдсан үүрэг хүлээнэ:

5.1.1. дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтын нөхцөл, аюулгүй байдлыг найдвартай хангах арга хэмжээ авах;

5.1.2. лицензийг энэ журмын 4.7-д заасан нөхцлөөр ашиглах;

5.1.3. лицензийг бусдад шилжүүлэхгүй байх;

5.1.4. дурсгалт зүйл болон судалгааны дээжийг лицензэд заасан зориулалтын дагуу ашиглах;

5.1.5. дурсгалт зүйл болон судалгааны дээжийг улсын хилээр гадагш нэвтрүүлсний дараа үрэгдэх, хулгайлагдах, эвдэрч гэмтсэн тохиолдолд Төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэх;

5.1.6. дурсгалт зүйл, судалгааны дээжийг хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авах болон тээвэр, даатгал, хадгалалт, хамгаалалттай холбоотой гарах зардлыг өөрөө хариуцах;

5.1.7. дурсгалт зүйлийг тогтоосон хугацаанд улсын хилээр оруулж ирэх;

5.2. Дурсгалт зүйл болон судалгааны дээжийг улсын хилээр гадагш нэвтрүүлсний дараа лиценз эзэмшигч иргэн нас барсан, эсхүл лиценз эзэмших эрхээ хэрэгжүүлэх иргэний эрх зүйн чадамжаа алдсан, Монгол Улсын харъяатаас гарсан, аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан тохиолдолд лиценз эзэмших эрхийг Төрийн захиргааны төв байгууллага шилжүүлэн авч, дурсгалт зүйл болон судалгааны дээжийг улсын хилээр эргүүлэн оруулж ирэх ажлыг зохион байгуулна. Ийнхүү шилжсэн нь дурсгалт зүйл болон судалгааны дээжийн өмчлөх эрхэд хамаарахгүй.

Зургаа. Дурсгалт зүйл болон судалгааны дээжийг

улсын хилээр нэвтрүүлэх

6.1. Төрийн болон орон нутгийн өмчийн дурсгалт зүйл болон судалгааны дээжийг зөвхөн хилийн гаалийн байгууллага бүхий боомтоор нэвтрүүлнэ.

6.2. Дурсгалт зүйл болон судалгааны дээжийг улсын хилээр нэвтрүүлэх гаалийн бүрдүүлэлтийг лиценз эзэмшигч хариуцна.

6.3. Дурсгалт зүйлийг бусад этгээдийн ачаа тээшинд дайлгах, улс хоорондын шуудангийн үйлчилгээгээр илгээхгүй. 

6.4. Улсын хилээр гадагш нэвтрүүлсэн дурсгалт зүйлийг Төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэж, зохих зөвшөөрөл авалгүй гэрээнд зааснаас өөр газарт байрлуулах, зөөж тээвэрлэх, сэргээн засварлах, хувилан олшруулах, эх төрх бүрэн бүтэн байдлыг өөрчлөх, аливаа арга хэлбэрээр тоон мэдээллийг цуглуулах, түүнийг бусдад дамжуулах, ашиглахыг хориглоно.  

Долоо. Лицензийн хугацааг сунгах

7.1. Лицензийн хугацааг Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу сунгана. Лицензэд заасан хугацаа хэтэрсэн, энэ журмын 5.3-т заасан үндэслэлээр хүчингүй болсон зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.

7.2. Лиценз эзэмшигч лицензийн хугацааг сунгах хүсэлтээ тухайн лицензэд заасан хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө энэхүү журмын 2.1.1, 2.1.4, 2.1.5, 2.1.6, 3.4-т заасан баримт бичгийг лицензийн эх хувийн хамт Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.  

7.2. Зөвшөөрөл олгогч лицензийн хугацааг сунгах хүсэлтийг энэхүү журмын 2, 3, 4 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

7.3. Зөвшөөрөл олгогч лицензийн хугацааг сунгахаас татгалзах эрхтэй. Энэ тохиолдолд үндэслэлийг тодорхой дурдсан албан бичгээр лиценз эзэмшигчид хүргүүлнэ.

7.4. Зөвшөөрөл эзэмшигч Улсын тэмдэгтийн тухай хуулийн 22.1.12-т заасны дагуу Улаанбаатар хотын банк дахь Сүхбаатар дүүргийн татварын хэлтэсийн 2611192214 тоот дансанд тушааж баримтыг зөвшөөрөл олгогчид өгнө. Сунгалт хийсэн лицензийн төлбөр нь дурсгалт зүйлийн хувьд 30.000 төгрөг, судалгааны дээжийн хувьд 12.000 төгрөг байна.   

7.5. Лицензэд хугацааг сунгахаас өөр нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно.

Найм. Хяналт тавих, тайлагнах

8.1. Лиценз эзэмшигч дурсгалт зүйлийг зөөж тээвэрлэхэд бэлтгэх, боож савлах, тээврийн хэрэгсэлд байрлуулах, зөөж тээвэрлэх зэрэг үйл ажиллагаанд Засгийн газрын 2016 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх журам”-ыг мөрдөнө.

8.2. Гааль, Мэргэжлийн хяналтын байгууллага болон Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дурсгалт зүйлийг илгээх болон хүлээж авах үйл ажиллагаанд хяналт тавина.

8.3. Лиценз эзэмшигч нь дурсгалт зүйл болон судалгааны дээжийг Монгол Улсын хилээр оруулж ирснээс хойш 14 хоногт багтаан дэлгэрэнгүй тайланг Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

8.4. Гаалийн болон Мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан байгууллага нь тухайн жилд энэ журмын 4.4-д заасан лицензийн хүрээнд хил гаалиар нэвтрүүлсэн болон эргүүлэн авчирсан дурсгалт зүйл, судалгааны дээжийн талаарх мэдээллийг нэгтгэн жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор зөвшөөрөл олгогчид ирүүлнэ.

8.5. Зөвшөөрөл олгогч олгосон лицензийн бүртгэлийг хөтөлж, жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор лицензийн тайлангийн хамт Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд хүргүүлнэ.

Ес. Хариуцлага

9.1. Энэ журмыг зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага ногдуулна.

.