“ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР – 2018” АРГА ХЭМЖЭЭ ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 9 ДҮГЭЭР САРЫН 14,15-НЫ ӨДӨР БОЛНО.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу “Номын баярын өдөр”-ийг 7 дахь жилдээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн дэмжих сангийн санхүүжилтээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Зохиолчдын Эвлэл, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулж байна.


Энэхүү арга хэмжээ нь ном зохиогч, ном хэвлэгч, ном худалдагч, номын санч, ном уншигч хэн бүхний хүсэн хүлээдэг баяр болж хүрээгээ тэлэн улс орон даяар нэгэн уриан дор тэмдэглэдэг болсон билээ.  Тодруулбал, 2012 онд “Олуулаа уншъя”, 2013 онд “Номын аялалд гарцгаая”, 2014 онд  “Ном бол оюун санааны тусгаар тогтнол”, 2015 онд “Бид номд дуртай”, 2016 он “Цаасан хэвлэлээс цахим ном руу”, 2017 онд “Гэр бүлийн уншлагыг дэмжье”, 2018 онд “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө...” уриан дор болж байна.

Үндэсний хэмжээний номын баяраар нийт аймаг, нийслэлийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар, зохиолч, яруу найрагчид, ном, эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг олон байгууллага, уншигчид  нэгэн дор цуглан   номоо солилцож, номоо бэлэглэж, ном хаялцаж, номоо таниулдаг сайхан уламжлал тогтжээ.

Тус яамны Соёл, урлагийг дэмжих сан 2018 онд тэгш ой нь тохиож буй төрийн гурван удаагийн шагналт, ардын уран зохиолч, нэрт эрдэмтэн Ц. Дамдинсүрэн, төрийн шагналт, зохиолч, найруулагч, орчуулагч Э.Оюун, төрийн хошой шагналт эрдэмтэн зохиолч Ш.Нацагдорж, хүүхдийн нэрт зохиолч, яруу найрагч Д.Содномдоржийн ойг тохиолдуулан зохиолчдын бүтээл туурвилыг хэвлүүлэх, сурталчлахад санхүүгийн дэмжлэг үзүүлж уншигч олондоо их зохиолчдын ном, бүтээлийг барьсан нь энэ жилийн номын баярын нэгэн бэлэг боллоо.


Арга хэмжээний нээлтийн үеэр Монгол Улсын ардын уран зохиолчдод хүндэтгэл үзүүллээ.


Номын баярын өдрүүдэд “Монголчуудын эрдэм ухааны уламжлал”,  “Улаан судар”, “Аяны богц”, “Залуу нас”, “Мөрөөдлийн хүч”, “Сүүтэй уулын савдаг”, “Учрал дүүрэн хорвоо”, “Тэргүүнгүй Монгол”, “Оршихуйн гэрэлт хүрээн дотор”, “Зүүд манагч”, “Бид”, “Дугаар тэг”, “Цагаан идээ”, “Үй Хуа амьдархуй” зэрэг  олон шинэ ном зохиолч, орчуулагчдынхаа гараас уншигчдын гарт хүрнэ. “Монголын хүүхдийн зохиолчдын шилдэг бүтээлийн түүвэр”, шилдэг өгүүллэгийн “Утгын чимэг” зэрэг шинэ номын нээлт болно.

Номын баярын хоёр дахь өдөр “Уншигч таны оюуныг дайлья” сэдвийн хүрээнд “Болор цом”-ын тэргүүн шагналт яруу найрагчид болон зохиолчид өөрсдийн шүлэг, яруу найргаа толилуулахаас гадна дууны уран бүтээлийг сурталчлах, МЗЭ-ээс хуучин нэн ховордсон номыг хямдралтай худалдах зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа явагдана. 


.